Эхлэл - Нийгэм - Хөндөх сэдэв
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 4 сарын 11

Хаалттай хаалганы цаадах амьдрал руу өнгийвөл...

Дэлхийн III дайн хаалттай хаалганы цаана өрнөж байна гэж НҮБ-ын дарга асан Кофи Аннан хэлсэн байдаг. Энэ бол гэр бүлийн хүчирхийлэл. Хууль хүчний байгууллагуудын зүгээс үүнийг гэр бүлийн дотоод асуудал хэмээн үл ойшоох хандлага үнэндээ давамгай байдаг. Ийм л байдлаас болж 23 настай бүсгүй өнгөрсөн долоо хоногт  харамсалтайгаар амиа алдсан билээ. Монголд хүний эрх, эрх чөлөө хаана л бол хаана хөндөгдөж байгаагийн нэг жишээ нь ч энэ юм.

Тэр дундаа эмэгтэйчүүд, бүсгүйчүүдийн хувьд нөхөртөө зодуулах, дээрэлхүүлэх, гутаан доромжлуулах, үргэлжийн дарамт дор амьдрах нь хэвийн үзэгдэл болж хувираад байна. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандаж байгаа бүсгүйчүүдийн хувьд цагдаа хүчний байгууллагад хандаж үзсэн, гэвч гэр бүлийн дотоод асуудалд хөндлөнгөөс хутгалдах шалтгаан байхгүй гэдгээр өнөө хэр нь дарамтлуулсаар л байгаагаа хэлж байна. “Эр эмийн хооронд илжиг бүү жороол” гэх ардын үг манай улсад хуулиас ч илүү хүчтэй үйлчилж байгаа нь энэ. Эрэгтэй хүн эмэгтэй хүнд нэг л удаа гар хүрэх юм бол цаашид энэ үйлдэл давтагддаг гэдгийг судлаачид тогтоосон байдаг. Хэрэв та нөхөртөө зодуулж байсан бол дахин хүчирхийлэлд өртөхгүй гэх баталгаагүй. Хүчирхийлэлтэй гэр бүлийн хүйтэн цэвдэг уур амьсгал хүүхдийн хүмүүжилд шууд нөлөөлдгийг ч тогтоосон. Ээж аав ямар үйлдэл гаргана хүүхэд яг тэгж хүмүүждэг. Ер нь анхнаасаа амьдралын ханиа зөв сонгох нь гол асуудал ч гэр бүлийн хүчирхийллийн байдлаас үзэхэд өнөөгийн нийгэмд эрчүүдийн ухамсар улам л доройтож байгаагийн нэг илрэл гээд шуудхан хэлчихэд үнэнээс зөрөхгүй болов уу. Ээжийгээ, эгчийгээ, эхнэрээ зодож таашаал авдаг эрчүүд ч мэр сэр байдаг тухай яриа чих дэлсэх болсон.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2004 онд шинээр баталсан ч энэ хууль амьдралд хэр бодитой хэрэгжиж байна вэ. Тус хуулийн үндсэн зорилт нь хохирогчийн зөрчигдсөн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, хүчирхийлэл үйлдэгчид хариуцлага хүлээлгэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоог тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” хэмээжээ. Гэвч хуульд зааснаар гэр бүлийн хүчирхийллийн эсрэг манай хууль хяналтын байгууллага тууштай тэмцдэг бил үү. Нөхөр нь согтуу ирчихээд эхнэр хүүхдээ дээрэлхэн элдвийн үгээр хэлж, гар хүрэх үед аргаа барсан эхнэр цагдаа, сэргийлэх дуудахад гэр бүлийн асуудал бидэнд хамаагүй гэнэ. Эсвэл нэг хоног эрүүлжүүлэхэд хонуулаад маргааш нь суллаад явуулна. Эрүүлжүүлэхэд хоносон нөхөр зүгээр байхгүй нь ойлгомжтой. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зорилтоосоо эхлээд л хэрэгжихгүй байна.

Тухайлбал, Манай улсад хохирогчийн аюулгүй байдлыг хангах тусгай байр сав бий бил үү. Гэгээн цагаан өдөр нөхрийнхөө гарт зүй бусаар амь үрэгдсэн 23 настай бүсгүй нэг сарын турш Хүйсийн тэгш эрхийн төвийн байранд орогнож байж. Мэдээж хүн л юм хойно аюулгүй байдлаа хамгаалуулахыг хүссэн ч аргагүйн эрхэнд гэртээ харьсан байна. Хууль хяналтын байгууллагынхан Хүйсийн тэгш эрхийн төвд хохирогч эмэгтэйг орогнууллаа хэмээн эсэргүүцсэн байх жишээтэй. Гар нийлсэн хэдэн бүсгүй Хүйсийн тэгш эрхийн төв гэх төрийн бус байгууллагыг байгуулсан нь Монгол улсад гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн хүчирхийлэлтэй тэмцдэг ганц байгууллага болж хувирчээ. Гэтэл эдний хүчин чадал хохирогч бүрт хүрч үйлчилж чадахгүй л байна.

Засгийн газраас гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг 2007 онд баталж хэрэгжүүлсэн гэх ч бодит үр дүн нь хаана байна вэ. Мөн төрийн бус байгууллагууд хохирогчдын эрх ашгийг хамгаалж, төр засгаас санхүүжүүлэх зэрэг уялдаа холбоотой ажиллаж байна гэх боловч өнөөдрийн түвшинд энэ бүхэн хангалтгүй байгааг харуулж байна. Нэг талаас хохирогч өөрийгөө хохирч байна гэдгээ мэддэггүй, нөгөө талаас хүчирхийлэгч энэ бүх харьцааг байдаг л нэг гэр бүлийн асуудал хэмээн үзэж байгаа нь гэр бүлийн хүчирхийлэл даамжрах үндэс болсоор байна. Тиймээс гэр бүлийн хүчирхийлэлд сэтгэл санаа болон бие махбодиор өртөж хохирч байгаа эмэгтэйчүүд, хүүхдүүдийн  эрх ашгийг араатнаас ч дор арилсан дотортой эрчүүдээс ярьж биш бодитоор хамгаалъя. Гэр бүлийн дотоод асуудал хэмээн хаалганы гаднаас буцдаг хууль хяналтынхан хаалганы цаадах амьдрал руу өнгийж харъя.

Б.Ариунтуяа

Мэдээний линк: http://society.time.mn/content/10304.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...