Эхлэл - Нийгэм - Боловсрол
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 5 сарын 16

Төрийн өмчийн их, дээд сургуулийн босго оноо нэмэгдэнэ

-БСШУЯ дөрвөн жилийн ажлаа иргэдэд тайлагналаа-
Боловсрол соёл шинжлэх ухааны яамны нээлттэй хаалганы өдөр өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна. Өдөрлөгийн үеэр өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлаа иргэдэд тайлагнав. Мөн их, дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд өөрсдийн үйл ажиллагаагаа танилцууллаа. 

Энэ үеэр БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж байна. Зарим хэсгээс нь дурдвал?
-Өнгөрсөн жилүүдэд маш олон ажлыг хийлээ. Салбар бүрээс нэг нэг баримт дурдъя. Засгийн газраас цэцэрлэгийн хамран сургалтыг  70 хувьд хүргэнэ гэсэн бол өнөөдрийн байдлаар 74.9 хувьд хүрсэн байна. Мөн 120 шинэ цэцэрлэг барьсан  ч цэцэрлэгийн хангамж хүрэхгүй  хэвээр байна. Харин ерөнхий боловсролын 74 сургуулийн байр ашиглалтад оруулсан. ЕБС-д Кэмбрижийн стандарт нэвтэрч байна. Мөн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 27 мянган хүн сурч байсан бол энэ жил 69 мянган боллоо. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас гадна гадаадын төсөл хөтөлбөрөөр 150 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт боловсролын салбарт хийгдлээ. Дээд боловсролын салбарт чанарыг эрхэмлэж олон их, дээд сургуулийг цөөлөх бодлого барьж 94 их, дээд сургуультай боллоо.  Мөн боловсролын хуульд томоохон өөрчлөлт хийж багш нарын нийгмийн асуудлыг шийдлээ. Соёл урлагийн салбарт 30 гаруй соёлын төвийг шинээр барьсан. 10 гаруй соёлын өвийг ЮНЕСКО-д бүртгүүлсэн зэрэг олон талын ажлыг хийгээд байна.

-Энэ жил их, дээд сургуулийн босго оноо нэмэгдэх үү?  
-Төрийн өмчийн их, дээд сургуулиудын босго оноог нэмэх шаардлага тавьж байна. Дунджаар босго оноо 520-600 байдаг. Мөн манай улсын их, дээд сургуулиуд эхнээсээ олон улсад магадлан итгэмжлэгдэж байна. Тухайлбал, ЭМШУИС-ийн эмчилгээний анги олон улсын магадлан итгэмжлэх, СЭЗДС гэхэд АНУ-ын магадлан итгэмжлэх авсан. Харин чанаргүй сургуулийг хааж байгаа. Өнөөдрийн байдлаар 52 их, дээд сургуульд аттестатчилал явагдсан.  

-Элсэгчдийн тоо нэмэгдэх үү?
- Их, дээд сургуульд суралцах элсэлтийн ерөнхий тоо буурахгүй байгаа. Тиймээс бид чанаргүй гэж үзсэн мэргэжлийг эхнээс нь хааж байна. Улаанбаатар хотод жилд 40 мянган хүн нүүж ирж байна. Бид сургууль, цэцэрлэгийн тоог нэмж байгаа ч гурван ээлжтэй хэвээр, цэцэрлэгийн суудлын тоо хүрэлцэхгүй байна. Баянзүрх дүүрэгт баригдах 640 хүүхдийн суудалтай сургуулийн газрыг одоо болтол шийдүүлж чадаагүй.

-МСҮТ-д суралцагчдын тоо нэлээд нэмэгдсэн байна. Харин төгссөний дараа ажлын байраар хэрхэн хангаж байна вэ?
-МСҮТ-ийг төгссөнөөс хойш  зургаан сарын дотор 76 хувь нь ажлын байртай болдог гэсэн судалгаа бий. 20 орчим хувь нь дээд боловсролын салбарт шилжин суралцдаг. Ажлын байраар хангагдах нь харьцангуй сайн байгаа. 

Б.Ариунаа

Мэдээний линк: http://society.time.mn/content/12529.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...