Эхлэл - Нийгэм - Мэдээ
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 8 сарын 17

Хэтэрсэн халамж

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр содон зарлиг гаргалаа. Олимпоос медаль хүртсэн тамирчидтай уулзахдаа зарлигаа уншив. Олимпийн наадмаас алтан медаль хүртсэн тамирчинд дөрөв, олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн тамирчинд гурав, олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн тамирчинд хоёр сая төгрөгийн урамшуулал сар бүр олго гэлээ.

Мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд алтан медаль хүртсэн тамирчинд хоёр, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд мөнгөн медаль хүртсэн тамирчинд нэг сая, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд хүрэл медаль хүртсэн тамирчинд 500 мянган төгрөгийн урамшуулал олго гэв.

Өчигдрийн сенсаац сэдэв энэ зарлиг байлаа. Гэрт, гадаа хаана л бол хаана буруу зөвийг тунгааж ярилцсан хүмүүс тааралдав. Үнэхээр ч содон зарлиг. Хүмүүс олимпийн аварга болбол энэ яваа насандаа хэдэн төгрөгийн урамшуулал авах нь вэ гэж тооцоолж байлаа. Тооны машин ч цохиж байв. Олимпийн аварга боксчин Э.Бадар-Ууган жилд 48 сая төгрөг авах юм байна гээд л. За 70 нас хүрч байж нүд аних юм бол хоёр тэрбум 256 сая төгрөг авах юм байна гээд л. Бээжингийн олимпийн аварга, Лондоны олимпийн мөнгөн медальт жүдоч Н.Түвшинбаяр яах юм бол гээд л. Алт, мөнгөн медалийнх нь урамшуулал сарын долоон сая төгрөг байх юм байна гээд л. Ёстой нэг бодож өгч байна.

Олимпоос медаль авсан, дэлхийн аваргаас олимпийн жинд медаль хүртсэн 47 тамирчин амьд сэрүүн байгаа аж. Тэдэнд сар бүр урамшуулал олгохдоо жилдээ төсвөөс хэдэн тэрбум төгрөг гарах нь лавтай.

Иргэдийн байр суурь сард урамшуулал өгөх нь зөв. Тамирчдын алдар гавьяа, хүч хөдөлмөрийг үнэлэх хэрэгтэй гэдэг дээр санал нэгдэж байлаа. Харин урамшууллын мөнгөний хэмжээ их байна гэж шүүмжилж байгаа юм. Олимпийн алтан медальтай тамирчинд сард 1.5 сая, мөнгөн медальтайд нь нэг сая, хүрэл медальтайд нь 500 мянган төгрөгийн урамшуулал олгох хэрэгтэй гэсэн саналтай хэдэн хэдэн хүн таарав.

Монголчуудын цалингийн дунд хэмжээ өнөөдөр 400 орчим мянган төгрөг байгаа. Олимпийн аварга хүнд дундаж цалингийн хэмжээнээс 10 дахин их мөнгөн урамшуулал өгч байгаа нь иргэдийн дургүйцлийг төрүүлж буй. Нэг талаараа энэ урамшууллын шийдвэр ядарсан түмэнтэй ядуу улсад хэтэрсэн халамж болсон гэдэг нь эргэлзээгүй.

Ерөнхийлөгч энэ урамшууллыг ард түмний чинь өгч байгаа хишиг гэж бодоорой хэмээсэн. Харин сүүлийн үед хөдөлмөрийн үнэ цэнийг мэддэг болсон монголчууд татварт төлсөн мөнгөө их харамладаг болсон. Хармын сэтгэл байгаа нь олон хүнээс анзаарагдаж байна лээ.

Урамшууллын гол зорилго нь одоо олимп, дэлхийн медаль авчихаад байгаа хүмүүсийг тэтгэж байгаадаа, амьдралын баталгааг нь хангаж байгаадаа биш болов уу. Олон авьяаслаг хүүхдүүдийг их спорт руу татах хөшүүрэг болов уу. Амьдралын баталгаагаа бий болгохын тулд хөлс хүчээ хайрлахгүй зүтгэж олимп, дэлхийн аваргаас медаль авчрах олон хүүхэд их спорт руу зүглэх нь гарцаагүй болж байна.

Хүмүүс татварын мөнгөө та нарт өгөх жаахан дурамжхан байна. Амжилт гаргахгүй бол та нарын зүг “Эрхээрээ хатсан борлон”, “Тэжээврийн гахай” гэх мэт үг сум шиг нисэх болно. Тамирчид аа, ард түмнийхээ хишгийг дааж яваарай.

Т.Энхбат

Мэдээний линк: http://society.time.mn/content/16961.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...