Эхлэл - Нийгэм - Мэдээ
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 8 сарын 29

Үнэ нь нэмэгдсэн ч дотуур байрны төлөөх тэмцэл хэвээрээ

Хичээлийн шинэ жилийн өмнөхөн орон нутгийн оюутнууд дотуур байрандаа төвхнөж эхэлдэг. Хэн сэргэлэн, авхаалжтай нь оюутны дотуур байранд дөрвөн жилийг өнгөрөөдөг бол үлдсэн нь айлын хажуу өрөө, нийтийн байр эсвэл хэд хэдээрээ нийлж гэр хорооллын айлын хашаанд гэр барьж амьдарна. Бүр орон сууцны подвалын өрөөг ч түрээслэх явдал байна. Жилийн жилд хот, хөдөөгийн шинэхэн оюутнуудад хичээл сонголт, оюутны байр, шинэ найз нөхөд гээд бүх зүйл соньхон ч бэрхшээл цөөнгүй байдаг.

Манай улсад нийт 43 оюутны дотуур байр үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл оюутны дотуур байр хүрэлцэхгүй байсаар байна. Нэг умгар өрөөнд дөрвөн оюутан нийлж амьдарна. Нэг оюутны байранд 300 орчим оюутан амьдрахад нийтийн нэг л усны өрөөтэй. Харин давхар бүр нэг бие засах өрөөтэй байна. Энэ мэт шүүмжлэл дагуулсан асуудлыг МОХ, БШУ-ны яамтай хамтран оюутны дотуур байрны стандартыг өнгөрсөн жил тогтоожээ. Тухайлбал, оюутны дотуур байр интернэттэй, цайны газартай, оюутны тооноос хамаарсан бие засах газар, өрөө бүрт усанд орох өрөөтэй байх зэргийг тогтоож өгсөн юм.  Гэхдээ энэ стандарт 2020 он хүртэл хэрэгжиж байгаа “Оюутны  цогцолбор хотхон”-д бүрэн эхээрээ хэрэгжих магадлалтай аж.

Гэтэл жилийн жилд оюутны дотуур байрны хүрэлцээ хангалтгүй байсаар байгаагийн зэрэгцээ жил бүр сургуулиуд байрны үнийг нэмж байна. Орон нутгаас оюутан элсүүлсэн тухайн сургууль нь шинээр элссэн оюутны бүх асуудлыг шийдэх ёстой байтал үүнийг бүрэн шийдсэн  сургууль нэг ч алга. МОХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Бямбагэрэл “Оюутны дотуур байрны хүрэлцээ хангалтгүй байна. Төрөөс 1000 оюутны дотуур байр барьж, энэ намар ашиглалтад орно гэсэн ч 2012 оны сүүлээр ашиглалтад орох талаар ярьж байна.  “Оюутны цогцолбор хотхон”-ыг 2020 он гэхэд ашиглалтад оруулна. Тэр үед л дотуур байрны ачаалал буурч магадгүй. Одоогийн байдлаар хэдэн оюутан дотуур байранд орсон талаар нэгдсэн мэдээлэл гараагүй байна. Хичээл эхлэхэд энэ мэдээлэл тодорхой болно” хэмээн ярилаа.

Тухайлбал, ШУТИС-ийн МИС-ийн оюутны байр таван давхар бөгөөд 376 оюутан хүлээн авах хүчин чадалтай аж. Харин нэгдүгээр давхарт  МСҮТ-ийн хичээлийн байр байхаас гадна залуу багш нараа дэмжиж 22 өрөө гарган амьдрах орчин нөхцөлийг нь бүрдүүлсэн юм байна. Харин МУИС-д оюутны зургаан дотуур байр байдаг. Эдгээр байранд 2000 орчим оюутан хүлээж авах чадалтай. Өнгөрсөн жил батлагдсан оюутны дотуур байрны стандартыг мөрдөж энэ жил оюутны дотуур байрны нөхцөлийг сайжруулах тал дээр анхаарч улсын төсвийн санхүүжилтээр оюутны III, V байрны дээврийг засаж янзалжээ.

Мөн оюутны дотуур байрны бүх өрөө тасалгааг чимэглэж, давхар бүрт нь иж бүрэн тохижилттой гал тогоо байрлуулсан байна. Үүнд плетка, хөргөгч, сандал ширээ хангалттай ба оюутнуудын тав тухыг бүрэн хангасан гал тогооны өрөөтэй болгосон талаар тус сургуулийн Эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн дэд захирал, профессор Б.Даваасүрэн ярилаа.  Мөн  оюутны дотуур байрны давхар бүрт хичээл давтах номын сан, халуун ус, ариун цэврийн өрөөтэй байна. Засварын ажлын гүйцэтгэл бүрэн дуусаагүй ч хичээлийн шинэ жилд МУИС-ийн дотуур байрны оюутнууд тохилог байж чадахаар болжээ. Тус сургууль энэ сарын 31 хүртэл дотуур байрны оюутныг бүртгэх аж. Харин дотуур байрныхаа үнийг энэ жил нэмэхгүй бөгөөд 250 мянган төгрөгөөр оюутныг байрлуулах аж.

Тэгвэл 1000 оюутны байрны бүртгэл дуусаж, захиалга дүүрсэн бөгөөд  ирэх сарын 10-наас сургуулиудын эрхлэгч нарын цохолтоор оюутнуудаа авч эхлэх аж.

Баянхонгор аймгаас МУИС-д элссэн оюутан О.Дарьганга “Би оюутны дотуур байранд орж чадсан. Харин манай хамаатны нэг охин дотуур байранд орж чадаагүй. Шархадны эцэст нэг нийтийн байранд орохоор ярьж байна. Гэхдээ ганцаараа болохоор эргэлзээд нийтийн байрандаа ороогүй л байна. Хичээл эхэлтэл хотод байдаг хамаатныдаа байхаар болсон. Тэр нийтийн байрны үнэ 210 мянган төгрөг гэсэн. Эхлээд гурван сарын мөнгөө урьдчилгаа болгож авах юм” хэмээн ярилаа.

Нийслэлд хувийн  болон төрийн өмчит сургуулийн 210 мянга гаруй суралцагч мэргэжил эзэмшихээр сурдаг. Үүнээс 170 мянга орчим нь өдрийн ангийн оюутан байх юм. Харин ердөө 13 мянган оюутан л дотуур байранд орох боломжтой аж. Жилд дунджаар 30 мянга гаруй оюутан шинээр элсдэг бол үүний дийлэнх нь хөдөө орон нутгийнхан байдаг. Эдгээр оюутнуудад нийслэлд сурах нь амаргүй байдаг нь мэдээж.  Оюутнууд жилийн турш оюутны дотуур байранд амьдарвал 220-350 мянган төгрөгийг төлдөг бол айлын хажуу өрөө, нийтийн байранд амьдарвал сар бүр энэ хэмжээний мөнгө шаардлагатай болдог аж. Тиймээс оюутны дотуур байрны төлөөх тэмцэл сургууль бүрт ид явагдаж байна.

Б.Ариунаа

Мэдээний линк: http://society.time.mn/content/17483.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...