Эхлэл - Нийгэм - Эрх зүй
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 9 сарын 4

“Төгс гүрэн” компанийн гүйцэтгэж байсан барилгын зуурмаг шахагч охины аминд хүрчээ

-Охины тархи задарч, энд тэндгүй гоожсон байсан-
Хичээлээ тараад ээжтэйгээ хөтлөлцөн явган хүний гарцаар гарч явсан охины дээрээс барилгын цемент зуурагч машины шон унаж амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг өчигдөр боллоо. Осол Баянгол дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэр, П.И.Шастины нэрэмжит төв эмнэлгийн баруун талд “Саппоро”-гийн автобусны буудлын хойно III, IV хороолол руу өгсдөг замд гарчээ. Тус ослын мөрөөр манай Time.mn сайтын сурвалжлах баг хэргийн газрыг зорьсон юм.

Биднийг 11.00 цагийн орчимд очиход цемент зуурагч машины шонгийн толгой хэсгийг авч, автобусны буудлын ойролцоох цахилгааны хэрэгслийг засч янзалсан байдалтай байв. Харин осол гаргасан барилга дээр албан тушаалтнуудаас ямар ч хүн байсангүй. “Lion king” хамгаалалтын албаны манаач, менежер, барилгад ажилладаг солонгос, монгол ажилчид, орчуулагч гэх хоёр эмэгтэй байв. Осол гаргасан зуурмагийн машины краныг буулгахаар засварын ажилчдыг дууджээ. Тэд ослын талаар мэдээлэл өгөхөөс татгалзаж, өөрсдийгөө хөлсний ажилчид гэж тайлбарлав. Хэрэг болсон газрын ойролцоох цус нөжийг шороогоор булж далдалжээ. Харин барилгын компанийн удирдлагуудыг мэргэжлийн хяналтынхан дуудсан гэх ч мэргэжлийн хяналтын байцаагчид энэ тухай мэдэхгүй байв.


“Lion king” хамгаалалтын албаны менежер Ж.Батзориг “Цемент зуурагч машины жолооч помпийг буруу суурилуулснаас зуурмагийн машины шон  унасан. Энд Хойд Солонгосын ажилчдын буруу байхгүй. Тэд ажлаа дуусчихсан байсан. Харин машины помпийг хураах гэж байсан юм билээ.  Монголчууд өөрсдөө Солонгост ингээд л ажилладаг байж буруу болгоныг гадны ажилчид руу чихэж байна. Энэ хэдэн солонгос чинь хөөрхий маш цэвэрч, мөрөөрөө амьтад байхгүй юу. Түрүүн үндсэрхэг үзэлтэй гэх “Талын чоно” бүлгэмийн хэдэн залуус ирж бөөн шуугиан дэгдээсэн. Муусайн хятадууд гээд зодоон хийсэн. Монголчууд ч гэсэн Солонгост олноороо ажилладаг. Гэтэл манайхан аягүй муухай юм билээ. “Талын чоно”  бүлгэмийнхнийг п-нууд гэж хэлмээр байна. Бас хохирогч охины аав ирж ажилчид руу дайрсан” гэж ярилаа.

Цемент зуурмагийн машин зам дээр явсан жижиг тэрэгний хамар дээр, хушуу хэсэг нь 12 настай охины дээрээс унасан. Хэрвээ жижиг тэргэнд хүн байсан бол амиа алдах байжээ. Мөн баруун тийш биш хойшоо унасан бол олон хүний амь эрсдэх байсныг ослыг харсан иргэд ярилаа. 

Ослыг харсан иргэн (нэрээ нууцлав) “Осол 16.30 цагт болсон. Би яг энэ барилгын арын машины зогсоолоос хөдөлж байсан юм. “Радуга” сургуулиас хүүхдүүд гарч ирээд миний машины урдуур гарахад нь би ухарсан. Гэтэл тас хийх чимээ гарч хүмүүс орилж эхэлсэн. Гүйгээд хартал зуурмагийн машины шон нэг машины хамар дээр уначихсан, үзүүр хэсэг нь нэг охиныг дарсан байсан. Хүүхдийн ээж залуухан эмэгтэй орилоод л байсан. Бас хүүхдүүд харчихаад маш их орилсон.

Үнэхээр өр өвдөхгүй байхын аргагүй. Би эцэг хүний хувьд л чамд ярьж байна. Миний хүүхдүүдээс ялгаа юу байхав. Охины тархи зад үсэрч энд тэндгүй гоожсон байсан. Үнэхээр нүд халтирам. Өнөөдөр зуурмагийн машины шонг тайрч, байрлалыг нь өөрчилсөн байна. Эцсийн эцэст барилгын компаниудын бас эрх мэдэлтнүүдийн л буруу шүү дээ ” гэв.

Зуурмагийн машины дөрвөн тулгуурыг тэлж тавих байсан ч зай талбай багатайгаас нэг тулгуурыг далий тавьсан нь ослын шалтгаан болжээ. Зуурмагийн машины бэхэлгээ шонгоо дийлэлгүй урагшаа дийлдэж унасан гэнэ.

Бидэнд мэдээлэл өгсөн иргэний хэлснээр 50 метр талбай ч хүрэхгүй газар зуурмагийн машины тулгуурыг суурилуулах нь физикийн хуулиар тогтохгүй гэж ярилаа. Мөн иргэдийн хэлснээр тус барилгад зөвхөн солонгосчууд ч ажилладаггүй бололтой. Хятад ажилчид ч байдаг гэнэ.


Зуурмагийн машины урд талын дугуйны зам хонхойж, нэг тал руугаа далийсан байлаа. Мөн зуурмагийн машины үзүүр хэсэг нь хоёр замын дундах хэсгийг хэмх дайрсан байсан юм.  Тулгуураа гүйцэд тавиагүй, талбай жижигдээд осол гарах шалтгаан болсныг олон хүн хэллээ. Мөн янз бүрийн жижиг цоорхойд газар олж аваад өндөр барилга барьж байгаатай ч холбон тайлбарлав.

“Хийморь”, “Буян” гэх хоёр эмнэлгийн дунд алга дарам газарт баригдаж байгаа тус барилга техник хэрэгслээ маш багахан зайд байрлуулжээ. Өнөөдөр тус барилгын үйл ажиллагааг зогсоосон бөгөөд ажилчид нь барилгын нэг, хоёр давхарт байцгааж байв. 

Харин ослын талаар Мэргэжлийн хяналтын газрын Барилга, дэд бүтцийн хяналтын хэлтсээс ямар арга хэмжээ авч байгаа талаар лавлахаар НМХГ-ыг зорив. Гэтэл одоог хэр нь осол гаргаж хүүхдийн амь насыг хөнөөсөн барилгын компанийн эзэдтэй холбоо ч барьж чадаагүй байв.

НМХГ-ын Барилга техникийн хяналтын улсын байцаагч Л.Батхүүгээс энэ талаар тодруулав.

-Цемент зуурмагийн машины гаргасан ослын талаар мэдээлэл байна уу?
-III, IV хорооллоос орж ирсэн хоёр замын зүүн талд,  цагдаагийн постоос 100 хүрэхгүй метрийн зайтай “МҮДИ”  гэдэг компанийн захиалгаар “Төгс гүрэн” гэх гүйцэтгэгч  компани 10 давхар орон сууц барьж байгаа. Одоогийн байдлаар барилгын ажил долдугаар давхартаа орж өөрөө явагч шахуурга тавьсан байна. Энэ шахуургыг хоёр барилгын хооронд байрлуулж дугуйгаа өргөсөн байгаа юм. Урд талынхаа дугуйг дутуу өргөсөн юм уу, яасан нөгөөх нь баруун тийшээ саваад зам дээр явсан  машин дээр унаж,  хоёр замын хооронд ээжтэйгээ явсан 12 настай хүүхдийг шонгийн хушуу онож хүн амины хэрэг гарсан. Машины жолоочийн бие маш хүнд эмнэлэгт хүргэгдсэн.

 Тэрнээс биш барилгын тал дээр янз бүрийн асуудал байхгүй. Хамгийн гол нь  энэ компани барилга угсралтын зөвшөөрөл аваагүй байна. Манай байцаагч нарын ээлжийн амралтыг далимдуулаад оройн цагаар ажиллаж байжээ. Бид мэдээж зөвшөөрөлгүй барилгын тоонд нэрийг нь оруулсан байгаа. Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хүн амины хэрэгтэй холбоотойгоор мэдүүлэг өгч байна. Би өчигдөр тус барилгын талбайд очиход 4-5 солонгос ажилчин байсан. Өнөөдөр 07.00 цагт  очиход бас л хэдэн солонгос байна лээ. Би “Төгс гүрэн” компанийн инженерийн утсыг олоод ямар компанийн, хаанаас нийлүүлж байгаа барилга болохыг тодруулсан. Сураг сонсоход бидэнтэй ирж уулзана гэсэн. Иймэрхүү л юм болсон. Гэхдээ энэ бол барилгатай холбоотой асуудал биш. Помп суурилуулж байгаа тэр компанийн л асуудал. Гүйцэтгэгч компаниудын төлөөлөл ирэх байх. Тэрнээс биш барилга дээрээс юм хум нураагүй шүү дээ.

-Зуурмагийн машины тулгуурыг суурилуулах зай талбай бага учраас бэхэлгээ муу байсан гэж зарим хүн ярьж байна. Та мэргэжлийн хүний хувьд тайлбарлахгүй юу?
-Яагаад талбай бага гэж.  Худлаа тэгж тааварлах хэрэггүй. Би өөрөө харсан. Боломжийн зай талбай байсан.

Ослын видеог энд дарж үзнэ үү
Б.Ариунаа
Мэдээний линк: http://society.time.mn/content/17782.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...