Эхлэл - Нийгэм - Сэдэв
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 10 сарын 29

Төрийн албыг ”түрийвч” болгосон Д.Бямба-Очир гэж хэн бэ?

"Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨК-ийн гүйцэтгэх захирал Д.Бямба-Очир эрх мэдлээ ашиглан, "хулгайн" арга хэрэглэдэг баримтыг бид дэлгэж байна. Тэрбээр дулааны хэмжигдэхүүнийг багаар бодож компаниудад олгодог болох нь тогтоогджээ.

Тухайлбал, "Улаанбаатар дулааны сүлжээ" компани нэг Гкал/цагаас бага дулааныг компаниудад олгох боломжтой. Харин үүнээс дээшхийг нь Эрчим хүчний зохицуулах газар олгодог журам бий. Гэтэл хууль дүрмийг огоорон нэг Гкал/цагаас дээш дулааныг эрх мэдлээ ашиглан компаниудад олгохын тулд дөрвөн компанид өгсөн мэтээр хуурамч баримт үйлддэг байна. Дулааныг олгохдоо техникийн нөхцөл гаргадаг. Үүн дээрээ дулааны хэмжүүрийг багасгаж харагдуулахын тулд нэг Гкал/цагаас хүргэхгүйгээр мВт 0.98,090 гэх мэтээр дөрвөн компанид хувааж олгосон баримт үйлджээ.

Үнэн чанартаа энэ баримт нь дөрвөн компанид бус зөвхөн “light residenes" хотхоны барилгын ажилд гаргасан техникийн нөхцөл юм. "light residenes" хотхон нь Хан-Уул дүүрэг дэх "Бурхан багшийн цогцолбор"-ын урд талд байрладаг. "Light residenes" хотхонд олгох баримтыг хууль бусаар хийхдээ "Жинхэнэ Уянга", "Классико Авто трейд" зэрэг компанийн нэрийг ашигласан аж. Энэ бол түүний эрх мэдэл албан тушаалаа ашиглаж, дулааны хэмжүүр дээр "ажилладаг" нэг баримт. Д.Бямба-Очиртой холбоотой иймэрхүү баримт их байдаг аж. Энэ талаар компаниуд хэд хэдэн удаа хууль хяналтынханд хандаж байжээ. Гэвч түүнтэй холбоотой хэрэг хэрэгсэхгүй болдог юмуу хав дарагдаад өнгөрдөг гэнэ.                           

Эрчим хүчний тухай хуульд "Эрчим хүчний зохицуулах газар дулааны холболтын зааврыг батална" гэж заасан нь бий. Эрчим хүчний зохицуулах газрын 2002 оны 41 дүгээр тогтоолоор 1 Гкал/ цагаас дээш хүчин чадал бүхий техникийн нөхцөлийг Эрчим хүчний зохицуулах газар өгөхөөр заасан. Энэ хэмжээнээс багыг нь "Улаанбаатар дулааны сүлжээ" компани олгодог. Яг энэ тогтоолын дагуу ажиллах юм бол "Улаанбаатар дулааны сүлжээ" компани 1 Гкал/цагаас дээш хүчин чадалтай техникийн нөхцөлийг гаргах эрх байдаггүй аж. Гкал/цаг гэдэг нь дулааныг хэмждэг хэмжигдэхүүн. Харин мВт-ыг 0.86 гэсэн тоогоор үржүүлэхэд гкал/цаг гардаг гэж мэргэжилтгүүд тайлбарлаж буй юм. Тэгэхээр техникийн нөхцөл олгохдоо дулааны хэмжүүрийг багасгаж хуурамч баримт бүрдүүлсэн гэдгийг нотлох нэг жишээ бол "light residenes" хотхонд олгосон дээрх баримт. Түүний хууль бусаар үйлдсэн бас нэг баримт буюу төрийн албыг "түрийвч" болгон ашигладаг нэг арга нь тендер гэнэ.

Улаанбаатарын эрчим хүчний тоног төхөөрөмжийн болон дулааны тоног төхөөрөмж, ялтсан бойлуурын тендерүүд асар их өндөр үнээр хийгддэг ажлын нэг. Энэ тендерт орох гэж компаниуд "шунадаг". Бизнесийн салбарынхан иймэрхүү төрлийн ашиг ихтэй, хэл ам таталдаг тендерт танил талаа ашиглан шургалдаг. Танил талгүй бол мэдээж ийм тендер олдохгүй.

"Улаанбаатар дулааны сүлжээ" компанийн гүйцэтгэх захирал ийм тендерүүдэд давуу эрхтэй оролцдог хүний нэг. Ийм төрлийн тендерийг нээлттэй бус хязгаарлагдмал явуулдаг бөгөөд цөөхөн хэдэн компанийн дунд зарладаг аж.

 Тухайлбал "Нонсан"," Хүрд" "Одкон", "Сан","ХНТ", "Түмэннаст", "Санвит”, "Боорчи” гэдэг компаниуд л тендерт ордог, авдаг байна. Дээрх компаниуд тендер авдаг болсоор олон жил болж байгаа аж. Яагаад ийм компаниуд тендер аваад байдаг юм бэ гэсэн асуудлыг тавихаар "Нарийн мэргэжлийн эд анги учраас өндөр зохион байгуулалтай компаниуд хийх учиртай" гэж тайлбарладаг байна. Гэтэл яг үнэн хэрэг дээрээ Д. Бямба-Очир дээрх компаниудыг тендерт шалгаруулахдаа ганцхан шаардлага тавьдаг нь өөрийн хувийн компаниудтай түншлэлийн гэрээ байгуулж, туслан гүйцэтгэгчээр ажиллах санал аж. Ингээд зогсохгүй тендерт шалгарсан компаниуд өөрийнх нь компаниас бараа, материал авдаг. Нэг үгээр хэлбэл Д.Бямба-Очирын халаасанд тендерийн мөнгө ордог байна. Мэдээж төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлын ажилтай түүнийг хувийн компанитай гэдгийг нь тэр бүр хүн мэдэхгүй.

Гэвч тэрээр олны нүднээс далд дөрвөн компанитай аж. Тухайлбал, түүний эхнэрийг Алтангэрэлийн Алтанцэцэг гэдэг. А.Алтанцэцэгийн нэр дээр "Нишин-Од", "Нишин-Элч" гэдэг хоёр компани байдаг аж. "Нишин-Элч" компанийнх нь хөрөнгийн хэмжээ 100 сая гаруй төгрөг бөгөөд А. Алтанцэцэг Б.Батсайхан гэдэг хүнтэй хамтран эзэмшдэг гэнэ. Энэ компани нь 2007 онд байгуулагджээ. "Ниншин-Од" компани нь харин 20 сая төгрөгийн, хөрөнгөтэй. Д.Бямба-Очирын эхнэрийнх нь дүүг А.Эрдэнэбаатар гэдэг. Түүний нэр дээр "Хиндро-Икс монгол" нэртэй компани бий. Энэ компани 2003 онд байгуулагджээ. Д.Бямба-Очирын хүү Эрхэмбаярын нэр дээр 1996 онд байгуулагдсан "ХЭБА трейд" компани байдаг. "Улаанбаатар дулааны сүлжээ" компанийн гүйцэтгэх захирлын эргэн тойронд үйл ажиллагаа явуулдаг эдгээр компани нь ус цэвэрлэгээний тоног төхөөрөмж нийлүүлэх тохируулах, гадаад худалдаа, барилгын материалын худалдаа, ресторан зоогийн газар, ажлын байрны түрээсийн үйл ажиллагаа явуулдаг.

"ХЭБА трейд" компани нь "Бурхан багшийн цогцолбор"-ын дэргэд “Гэгээнтэн" нэртэй том хороолол босгож буй компани юм. Энэ барилгын газрыг "Жигүүр гранд"-тай хамтран авсан байдаг. Дээрх компаниуд хамтран орон сууцны хороолол барьж байгаа гэнэ. Энэ барилгыг барихаас өмнө дулааны шугам ил явж байсан аж. Гэтэл дулааны шугамыг газар доор оруулж, баруун тийш нь татаж авто зам руу тэлжээ. Энэ нь нийтийн тээврийн хэрэгсэл болон зорчигчдод саад болоод байгаа тухай холбогдох газрууд асуудал тавьсан боловч яаж ч чаддаггүй гэнэ.

Мөн Д.Бямба-Очир эрх мэдлээ ашиглан техникийн нөхцөл гаргахдaa дулааны үр ашгийн төсөл хэрэгжүүлэх үеэсээ буюу 2003 оноос эхлэн "Хидро Икс монгол" компаниар хийн ус цэвэрлэгээний тоног төхөөрөмж суурилуулахдаа заавал энэ компаниар гүйцэтгүүлнэ гэж зураг зурж өгдөг аж. Ингэхдээ хувийнхаа компанийг зааж өгч эрх ашгийн зөрчил гаргадаг гэж хамт ажилладаг хүмүүс нь хэлж буй юм.

Тэрбээр 1996 оноос 2005 онд "Улаанбаатар дулааны сүлжээ" компанийн ерөнхий инженерээр ажиллаж байгаад 2005 оноос одоог хүртэл гүйцэтгэх захирлаар нь ажиллаж буй юм байна. "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨК-ийн 2007-2009 оны ажлыг шалгасан Төрийн өмчийн хорооны шалгалтын дүнгээс үзэхэд бусдыг өрөнд унагаачих дөхдөг Д.Бямба-Очир ихээхэн өртэй болох нь тогтоогджээ. Тухайлбал, 2007-2008, 2009 оны эхний улирлын эдийн засаг, санхүүгийн тайлан тооцоог шалгахад гадаад, дотоод томилолтын зардал, дуудлагын машины лимит хэтрүүлсэн зөрчил илэрчээ. Тэр байтугай Д.Бямба-Очир захирал, ерөнхий ня-бо И.Шүрэнцэцэгийн хамт хэд хэдэн хуулийн заалт зөрчиж, 2008 онд даатгагдсан шугаманд гарсан 58.3 сая, 2009 онд 10.1 сая төгрөгийн хохирлыг нэхэмжилж аваагүй байна. 2007-2009 онд тендерийн хууль зөрчиж 1211,5 сая төгрөгийн худалдан авалт хийжээ. Сүүлийн үед хөрөнгө оруулалт, их засварын телөвлөгөөний тодотголыг Төрийн өмчийн хороогоор батлуулалгүй дураараа өөрчилчихдөг болжээ. 2007-2009 онд хөрөнгө оруулапт, их засварын төлөвлөгөөг 11400.5 сая төгрөгөөр өөрчилсөн баримт байдаг юм билээ.

Эх сурвалж: "Өдрийн сонин"
Г.Ялгуун

Мэдээний линк: http://society.time.mn/content/20336.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...