Эхлэл - Нийгэм - Сэдэв
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 10 сарын 29

”Хувилгаан эрдэнэ” хөөрөг хамгийн үнэтэй

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор /1997 он/ чулууг 4 ангилж үздэг юм байна. Үүнд:

I.    Үнэт чулуу
II.    Хагас үнэт чулуу
III.    Гоёл чимэглэлийн чулуу
IV.    Өнгөлгөөний чулуу

Тэгвэл бидний хамгийн үнэтэйд тооцдог  шүр, хаш, пийсүү, болор, мана, гартаам, чүнчигноров хөөрөг гуравдугаар  буюу гоёл чимэглэлийн чулуу гэсэн ангилалд багтдаг гэнэ. Мэдээж нэгдүгээр ангиллын “Үнэт чулуу” нь хөөрөг хийх хэмжээнд олддоггүй, харин хоёрдугаар ангиллын хагас үнэт чулууны  “Хувилгаан эрдэнэ” л хөөрөг хийх хэмжээнд томоороо олддог юм байна.

Энэ утгаараа хамгийн өндөр хатуулагтай, үнэтэй , чамин, хөөрөг бол “Хувилгаан эрдэнэ”-ийн хөөрөг аж.

“Хувилгаан эрдэнэ” биндэръяагийн төрөл бөгөөд хамгийн гоё чулууны нэг юм.

Берилл болон хөнгөн цагааны нийлмэл ислээс тогтсон учир маш хувирамтгай өдрийн гэрэлд ногоон, чийдэнгийн гэрэлд ягаан, бүдэг гэрэлд хар өнгөтэй болдог. Түүнийг өдрийн цагт маргад эрдэнэ, шөнийн цагт нил эрдэнэ болдог гэх ба чулууны ертөнцийн “хамеолон” ч гэж нэрлэдэг. Ийнхүү өнгөө хувиргах  байдлыг нь артер ба венийн судасны цусны өнгөтэй холбон маш нарийн тайлбарласан байх нь ч бий. Шилэн гялгатай маш хатуу боловч хэврэг, хүчилд тэсвэртэй, шүлтэд тэсвэргүй нягт нь 3,8 г/мм3 хатуулаг 8,0 /моос/, хугарлын илтгэгч 1,58 байдаг.

Хувилгаан эрдэнийн чулууг дорно дахинд эртнээс мэдэх боловч Европт 1834 онд нээж II Александр хааны нэрээр “Alexandrite” гэж олон улсад нэрлэдэг болжээ. Хувилгаан эрдэнийн гол орд ОХУ, Бразил, Шри Ланк, Мадагаскар, АНУ, Конго, Танзан зэрэг орнуудад байдаг.

Хувилгаан эрдэнийг дэлхийн хамгийн их энерги агуулсан чулуу гэж үздэг бөгөөд эзнийхээ эрүүл мэндэд их нөлөөлдөг, зөвхөн хүчтэй оюун ухаантай, эр зоригтой шийдэмгий хүмүүс зүүж, эдэлж хэрэглэх ёстой гэнэ. Хилэнцийн ордныхны ивээл чулуу юм. Мөн цусыг цэвэрлэж, судсыг бэхжүүлж, цус багадалт, нойр булчирхайг анагаахад сайн нөлөөтэй. Солонгорсон гоё өнгөтэй, өнгөө байнга сольдог нь хромын гуравдагч исэл агуулдагтай  холбоотой гэж үздэг.

Литотерапид өгүүлснээр дэлүү, нойр булчирхайд сайнаар нөлөөлөхийн зэрэгцээ хүний бие махбодь, астрал, ментал нарийн биеүдийг зохицуулах нөлөөтэй, ирээдүйг урьдчилан харах чадвартай болгодог гэжээ.

Авестийн зурхайд хүнийг амьдралын нугачаанд тэсвэр тэвчээртэй болгон, бие сэтгэлийн тэнхээ суулгахад нөлөөлнө хэмээн бичсэн байдаг.

Их гарын “Хувилгаан эрдэнэ” хөөргийг би огт үзээгүй явж байгаад ном хийх явцдаа “Алтай констракшн” ХК-ийн ерөнхий захирал Х.Бат-Эрдэнэд байсныг хараад үнэхээр биширч билээ. Гайхамшигтай солонгорсон аргагүй л хувилгаан эрдэнэ байв. Харамсалтай нь фото зурган дээр гэрлийн хугарлаас шалтгаалж солонгорсон гоё өнгө нь гарахгүй саарал өнгөтэй болдог юм билээ. Бас нэг их гарын “Хувилгаан эрдэнэ” хөөрөг “Эрдэнэт” үйлдвэрийн В. Сумъяасүх гэдэг хүнд байдаг бөгөөд хэдэн жилийн өмнө төвийн бүсийн үнэт, ховор эдлэлийн уралдаанд шилдгийн шилдэг хөөргөөр шалгарч байсан юм.

                            Р. Самдандовж

Мэдээний линк: http://society.time.mn/content/20337.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...