Эхлэл - Нийгэм - Сэдэв
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 11 сарын 15

Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хууль хэрэгжиж эхэллээ

“Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Уг хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өглөө.

Ардчилсан хувьсгал ялсан эхний он жилүүдэд үйлдвэр аж ахуйн байгууллагууд үүд хаалгаа барьж, олон хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байсан. Шинээр байгуулагдсан хувийн хэвшил ажилчдынхаа нийгмийн даатгалыг төлж чадахгүй байсан түүхтэй. Ажилчдынхаа нийгмийн даатгалыг төлөөгүй байсан тохиолдол төрийн байгууллагад ч гарч байжээ.

Энэ үеийг төр үүргээ гүйцэтгэж чадаагүй, эрсдэлийн он жилүүд байсан гэж үзээд “Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийг баталжээ. Уг хуулиар 1990-1995 онд нийгмийн даатгал төлөөгүй хүний нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох, 1995-2000 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, төлөх боломжгүй байсан хүмүүсийн нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиар тооцож төлүүлэхээр болсон байна. 1995-2000 онд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй хүмүүс 79 мянган төгрөг төлөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлсөнд тооцуулах аж.

Нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулах иргэд оршин суугаа газрынхаа Нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл гаргах шаардлагатай. Хуулийн хугацаа 2013 оны наймдугаар сарын 1-нд дуусна. Нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулах хүсэлтэй хүн энэ хугацаанд амжиж өргөдлөө гаргах ёстойг ХАХНХ-ын сайд дуулгав.

Тухайн үед 300 гаруй мянган хүн ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, 705 мянга орчим хүн нийгмийн даатгалын шимтгэлээ ямар нэг байдлаар тасалдуулсан байдаг аж. Энэ хуулийг хэрэгжүүлснээр нэг сая гаруй хүн тэтгэвэр, халамжаа арай өндөр тогтоолгох бололцоотой болжээ. Тэр үед ажилгүй байгаад тэтгэврээ тогтоолгосон хүмүүс ч ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулж тэтгэвэртээ өөрчлөлт оруулах боломжийг бүрдүүлжээ. Энэ хууль хэрэгжсэнээр тэтгэврийн сан тодорхой хэмжээгээр нэмэгдэх юм байна. Ийнхүү малчин, тариачин гээд мэргэжил харгалзахгүйгээр нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулах боломжтой болов.

-Иргэн ажилласан жилээ нөхөн тооцуулах тухай хүсэлт гаргахдаа дараах бичиг баримтыг харьяа Нийгмийн даатгалын хэлтэст бүрдүүлж өгнө.

1. Иргэний үнэмлэх, түүний хуулбар
2. Нийгмийн даатгалын дэвтэр, түүний хуулбар
3. Хөдөлмөрийн дэвтэр, түүний хуулбар
4. Хөдөлмөрийн дэвтэр байхгүй тохиолдолд ажилласан хугацааг шүүхээс тогтоосон шүүхийн шийдвэр, түүний хуулбар
5. Хөдөлмөрийн дэвтэр, ажилласан хугацааг шүүхээс тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй тохиолдолд архивын лавлагаагаар баталгаажуулсан дүүрэг, сумын Засаг даргын тодорхойлолт зэрэг материалыг бүрдүүлнэ.  

Т.Энхбат
Мэдээний линк: http://society.time.mn/content/21212.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...