Эхлэл - Нийгэм - Хөндөх сэдэв
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 12 сарын 27

Оны төгсгөл түрийвчний нимгэрэл

Бидэнд түрийвчний зузаан, нимгэнийг үл харгалзан мөнгөө шавхдаг баяр олон бий.
Баярууд цаг хугацааны дараалал, нэр болон зориулалтаараа өөр ч хэрэглэгчид ижил хандана. Төрсөндөө, шинэ оныг хүлээн авч буйдаа, битүүртлээ идэх гэсэндээ бид баяруудыг “хэрэглэдэг”. Дараалал ёсоор одоо хуучин оноо үдэн, шинэ оноо угтах баярын босгон дээр ирлээ.

Ингэхэд бид шинэ жилийн баяраар юу өмсөх, үсээ хэрхэн засуулах, хаана тэмдэглэх зэргээс гадна тэдгээрт хэдэн төгрөг зарцуулж буйгаа боддог билүү? Гацуур шиг засаж чимэглэх үснээс л үнийн дарамт эхэлнэ. Хүн бүр үдэшлэгийн ханхүү, гүнж болохгүй ч өөртөө ханамжтай, бусдын нүдэнд онцгойрохыг хүсдэг. Иймийн тулд үнэтэй салоноос энгийн үсчний газрууд ч үйлчлүүлэгчээр дүүрнэ. Үсээ овоолгоход 15000, буржийлгахад 20000 төгрөг. Энэ бол энгийн үсчний газрын тариф. Салоны тариф эдгээрийг хэд нугална. Мэдээж сайхан харагдах тусам түрийвч нимгэрнэ. Жилд нэг тохиох онцгой баяраар энгийн байхыг хэн ч хүсэхгүй.

Тэр хүслийг нь мэдэх үсчний газрууд тарифаа гялс нэмчихдэгийг олон жилийн баяр элээсэн бид андахгүй ч яаж ч чадахгүй. Ёолкны хамгийн гол хэрэглээ бол даашинз сэлт. Үдэшлэг болохоос хэд хоногийн өмнө интернэтээр гоёлын хувцсаа хайж, дэлгүүрийн өлгүүрт байрлах шинэ загварыг шохоорхоно. Гэхдээ сонирхож, шохоорхсон бүхнээ авдаг нь цөөн. Тулсан өдрийн өглөө найзаасаа, ажлын хамтрагчдаасаа сураглан сандарцгаадаг. Паркатны үнэ 20000 төгрөгөөс эхэлнэ. Энэ ч бас хамгийн хямд нь шүү. Шинэ даашинзны үнэ 80000-аас дээшилнэ.

Өдөр тутмын хувцсаараа бие биенийхээ дээр гарах гэж өрсөлддөг манайханд үдэшлэгийн гоёл сонгох ажил хамгийн хүндэд тооцогддог. Нэг үдэшт зориулах түрийвчний нимгэрэл үүгээр дуусахгүй. Бүсгүйчүүд хөлөө өндөр өсгийтөөр, эрчүүд нь гялалзсан ботинкоор гоёно. Нүүрээ будгаар, чихээ ээмгээр, хуруугаа бөгжөөр, хүзүүгээ гинжээр баглана. Гэрт хүүхдүүд гацуураа чимэхтэй зэрэгцэн томчууд бид өөрсдийгөө гацуур шиг чимнэ. Даашинз, хүрэм, гутал, чимэглэлийн үнэ ч энгийн үеийнхээс үнэтэйг нь яана. Ийм болохоор арванхоёрдугаар сар бидний түрийвчний нимгэрлийн харин худалдаачдын зузаарлын оргил.

Түүнчлэн гэр бүлийн төсөв эрс хямрах үе. Нийгмийн хамгийн бага нэгжтэй гэр бүл буюу нэг хүүхэдтэй айлд ч энэ хямрал нөлөөлнө. Эцэг эх нь ажлынхаа, хүүхэд нь сургуулийнхаа шинэ жилийн үдэшлэгтэй. Дээрх зардлаас гадна үдэшлэгийн гоёмсог урилга дээр бичигдсэн үнэ. Зоогийн газар, пабууд ч энэ үед орлогоо нэмээд авна. Дөрвөн цагийн үйл ажиллагаанд оролцохын тулд 50000 төгрөгөөс дээш үнэ төлнө. Оюутны шинэ жилийн цэс хамгийн доод талдаа 40000 төгрөг.

Бид баярлах дуртай. Баяраар мөнгө, хоол хүнс болон бусад зүйлсийг мартах бүр ч дуртай. Зарлагаа мартаад энэ оноо өр ширтэй дуусгаж байвал шинэ оны утга учир мэт. Нийтийн жишиг ийм хойно яалтай ч билээ. Он гарч, цалин буутал тэсэх л үлдлээ. 

Э.Нямдулам

Мэдээний линк: http://society.time.mn/content/23107.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...