Эхлэл - Нийгэм - Хөндөх сэдэв
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 3 сарын 5

Тамхины хууль хэрэгжиж байна уу

УИХ-аас баталсан “Тамхины хяналтын тухай шинэ хууль”-ийг нийтээрээ мөрдөж эхлээд дөрөв хонож байна. Иргэд маань ч уг хуулийг хэрэндээ л дагаж мөрдөж байна. Аргагүй шүү дээ.

Хэн ганц янжуур зуусныхаа төлөө хоолныхоо хэдэн төгрөгөөс салахыг хүсэхэв. Тиймдээ л нууцаар тамхи татах “урлагт” хэрхэн суралцаж байгаагаа бусадтайгаа хуваалцаж эхэлжээ. Эхний өдөр буюу гуравдугаар сарын 1-нд бүгд л бажгадсан гэж байгаа. Ихэнх нь хүний хөлийн чимээ сонсогдмогц  л асаасан тамхиа шидээд л баахан шатсан юм байх. Ажлынхаа OO-ын цонхон дээр, эсвэл гаднах булан тохойд нь тамхиа хэд сорохын тулд уучлаарай гэдэг үгийг арвантаа хэлж, зарим нь “хоолоор” дайлахаар болсон ч гэх шиг. Янз янзын л юм дуулдана лээ.

Харин одоо гуравхан хоноход л учраа олж, айдас түгшүүр нь бага багаар арилаад ажил, гэртээ “тамхичдын баг”-аараа орчин тойрныхонтойгоо зохицоод тамхилчихаж байгаа гэнэ. Бас ойрхон дэлгүүрийнхээ худалдагчтай дуулдах төдий зөөлөн яриад тамхиа авчихаж байгаа юм. Харин бар, ресторан зэрэг үйлчилгээний байгууллагууд чанга байгаа бололтой. Бараг л орохоо болиод гэрлүүгээ яаран харьдаг болж. Тамхиа татахын тулд шүү дээ.

Гэхдээ хэнэггүй зарим тамхичин нь хаа тааралдсан газраа тамхи татаад л. Гайхаад хүн асуухаар тэр торгуулийн мөнгө нь байхгүй юм чинь гэвэл яах уу. Иймэрхүү яриа хаа сайгүй л байна. Ийнхүү “Тамхины хяналтын тухай шинэ хууль”-ийн ачаар ил тамхидалт харьцангуй багассан нь хуулийн хэрэгжилт гайхалтай, бүр маш сайн байгаа юм байна гэж дүгнэхээр. Бүр хууль, хяналтын тэр дундаа цагдаагийн байгууллагад энэ талаарх гомдол маш цөөхөн ирсэн нь үүний баталгаа. Гэхдээ бодит байдал дээр тамхидалт тэгтлээ багассан гэж үү?

Хуулийн хэрэгжилтийн талаар хуулийн байгууллагад тодорхой мэдээлэл байхгүй учраас орон даяар хүн бүр мөрдөх үүрэгтэй уг хуулийг тэдэн хувь зөрчиж байна гэж барин тавин хэлэх боломжгүй учраас бид twitter  болон facebook-ээр дамжуулан иргэдийн санал бодлыг сонссон юм. Тэдний дийлэнх нь хууль “хэрэгжихгүй байгаа, хэрэгжих боломж бага байна” гэдэгтэй санал нэгдэж буй.

Наад зах нь дэлгүүрүүд тамхи зарсаар байна. Тухайлбал, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” худалдааны төвд тамхиа ил тавьчихсан зарж байгаа зургийг та бүхэн харж байна.


Эндээс тамхи худалдаалж буй хяналтын камертай томоохон дэлгүүрүүдийг шалгахгүй хэрнээ тамхины сурталчилгааны хуудсаа хуулахаа мартсан жижиг дэлгүүр, ТҮЦ бүх бараагаа лацдуулж байгаа нь мөнгөтэй хүмүүсийг хууль тойроод өнгөрч байна гэх шүүмжлэлийг дагуулж байна.

Харин тамхи татах тухай үндсэн асуудлаар иргэд маш олон талын байр суурь илэрхийлжээ. 

Тэдний ихэнх нь хуулийн зүйл заалтууд тодорхойгүй, хаа сайгүй хүмүүс тамхи татаж байхад түүнд тавих хяналт байхгүй байгааг шүүмжилсэн байна. Арай өөр өнцгөөс шүүмжилсэн уншигчийн сэтгэгдлийг сийрүүлбэл, 12.00 цагаас хойш бар, караокег хаагаад ямар дүнд хүрснийг хүн бүр мэдэж байгаа. Баахан генерал, хурандаа нарын “дархан эрхтэй“ бар, цэнгээний газрууд гараад ирсэн. Залуус буудалд орж архидах нь ч ихэссэн. Ингэснээрээ харин ч гэмт хэргийн гаралт улам л нэмэгдсэн байх. Шантааж хийж мөнгө олдог цагдаа нар ч олширч, торгосон мөнгөнийхөө ихэнхийг аваад л халаасалчихдаг. Энэ эрүүл нийгэм үү?

 Тамхины тухай хууль үүнтэй л адил юм болно. Нууцаар тамхи татуулдаг газрууд олон болж ард нь бас л мөнгө аваад сууж байдаг дарга нь нэмэгдэх байлгүй дээ. Ядаж л  өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн замын хөдөлгөөний хязгаарлалт шиг анхнаасаа л нийгмийг идэвхжүүлж чадахгүй байна шүү дээ. Тухайн үед машины дугаар сольсон болон эгнээ байр буруу эзэлж замын хөдөлгөөний дүрэм журам зөрчсөн тохиолдолд олон нийтийн сүлжээгээр иргэд болон хэвлэл мэдээллийнхэн олон нийтийн сувгуудаар цацаж, холбогдох байгууллагаас арга хэмжээ авч байснаар бодитоор бууруулж чадсан. Харин “Тамхи татлаа“ гээд цагдаа руу утас цохих хүн хэд бол?  Нийтлэлч Баабар “Нохой хорь оо” нийтлэлдээ бичсэнчлэн “Ямар ч хууль журамд уламжлал, ёс суртахуун, эдийн засгийн бололцоо, тухай ард түмний сэтгэлгээ, цаг үеийн нөхцөл, олон улсын болон байгаль орчны тухайн байдал гэх мэт үй түмэн хязгаарлалт байдаг. Чухамдаа эдгээр хүчин зүйлсийг тооцохыг л бодлого гэдэг байх” гэж яг л оноод хэлчихсэн мэт санагдаад байгаам даа” хэмээн өөрийн үзэл бодлыг илэрхийлсэн байв.

Бичигч би ч үүнтэй санал нэг байгаа төдийгүй олон хүн ийм л санааг илэрхийлсэн байсан гэдгийг дурдах нь зүйтэй болов уу.

Үүнээс ямар дүгнэлт гарч байна вэ гэхээр нийгмийн тун бага хэсэг энэ хуульд ач холбогдол өгч дагаж мөрдөж, бас хэрэгжүүлж, мэдээллийн бүх сувгаар сурталчилж байна. Харин олонх нь тамхи татсан нэгнийг харсан ч хууль зөрчиж байгааг нь мэдсэн ч хараагүй, мэдээгүй юм шиг л өнгөрч байна.

Хэрэгжихгүй байсан ч хамаагүй баталсан л бол бандан тас гэсээр хууль цааз, төрийн нэрийг унагасаар байх уу. Уг нь эрүүл мэнд, санхүү талаасаа бодвол зайлшгүй хэрэгжих л учиртай хууль. Хамгийн гол нь хэрэгжүүлэхийн тулд ядаж л тамхи татах цэгүүдийг тодорхой болгох, анхааруулах самбаруудыг байрлуулах, хяналтын тогтолцоог сайжруулах зэрэг ажлыг ойрмогхон хиймээр юм.

Г.Долгорсүрэн

Мэдээний линк: http://society.time.mn/content/25758.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...