Эхлэл - Нийгэм - Эрүүл мэнд
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 4 сарын 15

Хүүхэд эм зардаг хууль байдаг юм уу

Саяхан эмийн санчийн буруугаас болж найман настай хүүхэд хорвоог орхисон харамсалтай хэрэг гарсан.

Учир нь эмийн санч буруу эм  андуурч өгснөөс болж дээрх харамсалтай явдал тохиосон юм. Үүнээс гадна саяхан Орхон аймагт  гуравхан сартай нярай хүүхдээ тэвэрсэн эх  “Парацетамол”-ын лаа авахаар эмийн санд очсон боловч  мөн л  андуурч “Para-Co-Denk” гэх том хүний өвчин намдаах эмийг өгсөн хэрэг гарсан. Үүнээс болж хүүхэд нь гэнэт таталт өгч эрчимт эмчилгээнд орсон харамсалтай хэрэг гарлаа. Уг эм хүүхдийн тунгаас 10 дахин хүчтэй. Хоёроос доош насны хүүхдэд өгч  болохгүй гэсэн заалттай аж. Энэ бол  их мэдэгч, хайхрамжгүй эмзүйч нарын буруу.  Ашиг  л олж байвал хамаагүй мэт авирлах эмийн сангууд  хүний амь нас, эрүүл мэндийг хохироочихоод хэнэг ч үгүй сууж байгаа хүмүүст хэн хяналт тавьж байна вэ.

Хамгийн гол нь гэр хороололд үйл ажиллагаа явуулж байгаа эмийн сангуудыг цэгцэлж, иргэдэд үйлчилж байгаа эмзүйч нарт хариуцлага тооцох цаг нь болчихож. Гэр хорооллын нэг автобусны буудал дээр 2-3 эмийн сан байх бөгөөд иргэдэд үйлчилж байгаа эмзүйч нарыг нь шалгавал бүгд мэргэжлийн бус хүмүүс байх вий. Тэр ч бүү хэл эмзүйч мэргэжилтэй нэгэн эрхэм охидоо мэргэжил олгох курст сургаад эмийн сан нээгээд өгчихсөн байх жишээтэй.

Түүгээр ч барахгүй том эгч нь ОХУ, Монголын хооронд эмийн бизнес эрхэлдэг бөгөөд уг эмийн сангийн эм, тариа хуурамч гэдгийг тэр хавийн оршин суугчид цөм мэднэ. Харин ч ийм хууль бус үйлдэл хийсэн гээд дампуурах нь бүү хэл тэдний бизнес улам цэцэглэсэн.  Хүний амь настай холбоотой чухал зүйлийг гэр бүлийн бизнес болгож хувиргасан энэ гэр бүлийнхэн хагартлаа баяжсан нь тодорхой. Үе, үе ойр зуурын хөвөн, бинт авахаар эмийн сангаар нь орвол  дунд сургуулийн ач, зээ нар нь цагаан халаад өмсчихөөд эм тайлбарлаж харагдсан. Энэ чинь арай хэтэрнэ биз дээ. Яах вэ, үе удмаараа нэг мэргэжил эзэмшээд ажиллаж байгаа хүмүүсийг алийг тэр гэх вэ. Гэхдээ л дунд сургуулийн хүүхэд эм тайлбарлаад зогсч байгааг юу гэж ойлгох вэ. Үнэхээр тэд номыг нь үзсэн үү гэвэл үгүй. Зөвхөн курсын дайтай л мэдлэгтэй. Уг нь эмзүйч гэдэг хэн дуртай нь эзэмшээд, захын эмийн санд лавлах барьчихаад зогсч байдаг ажил ч биш. Ямар сүлжээний бүтээгдэхүүн, гутал, хувцас борлуулж байгаа биш дээ.  Уруулын будаг зарахдаа хүртэл тайлбарлаж, харшил өгвөл хариуцлага хүлээхээ амлаж байхад зарсан эмэнд нь хүүхэд хордчихоод байхад мэдэхгүй гээд зогсч байгаа нь харамсалтай.

Тэд эмчийн зааваргүй, насанд хүрээгүй хүүхдээс авахуулаад хэн дуртайд нь эм борлуулдаг.  Хэдийгээр тэд цагаан халаад “өмсч”, чагнуур зүүгээгүй ч Эрүүл мэндийн яаманд харьяалагдах энхийн манаачид. Гэтэл зоостой зууралдаж, зовиурласан иргэдэд эм гэгч “хор”-ыг эрээ цээргүй тараах нь аймшигтай. Сүүлийн жилүүдэд бид эрүүл хүнс, хүнсний аюулгүй байдал хэмээн ярих болж. Тиймээс ч хүнсний аюулгүй байдлын хуультай болсон. Харин одоо захын хороолол орц, хонгилд үйл ажиллагаа явуулж, эм биш хор худалдаалж байгаа эмийн сангуудад хяналт тавьчихмаар байна. 

Тэгэхгүй бол хэн дуртай нь лавлах ашиглаад эмийн худалдаа эрхэлж байна. Үр дүнд нь хэн хохирч үлдэх вэ. Мэдээж иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохироод үлдэнэ. Бүх эмийн сангууд болон эмийн санч нарыг энэ мэт хариуцлагагүй авирлаж байгаа гэсэнгүй. Стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа  эмийн сангууд байгааг үгүйсгэхгүй. Хүний амь насаар дэнчин тавьж гэр бүлийн бизнес болгочихоод мөнгийг уут уутаар нь хүүдийлж байгаа эрхмүүдэд хариуцлага тооцож, үйл ажиллагааг нь зогсоо гэдгийг л хэлье. Тэгэхгүй бол цаашид баталгаагүй эм, бэлдмэлээр хэчнээн хүний амь нас, эрүүл мэндийг хохироохыг таашгүй. Бизнес эрхлээд сайн сайхан амьдрахыг хэн бүхэн хүснэ. Түүнийг ч буруутгах ёсгүй. Гэхдээ аливаа зүйлд хэмжээ хязгаар гэж бий. Лавлах барьчихаад эм тайлбарлаад зогсч байгаа энэ хүмүүс ч арай хэтэрнэ ээ.

Эх сурвалж: "Монголын мэдээ"
Х.Өнөржаргал

Мэдээний линк: http://society.time.mn/content/27551.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...