Эхлэл - Нийгэм - Сэдэв
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 4 сарын 22

Зураг чинь надад байна, мөнгөө төл

Саяхан танил бүсгүйг маань олон нийтийн газарт тамхи татаж байгаа зургийг нь авчихаад 100 мянган төгрөг өгөхгүй бол фэйсбүүкээр тараалаа гэж дарамталсан байсан. Хэдийгээр хууль зөрчсөн нь үнэн боловч түүнийг нь мөнгө олох арга хэрэгсэл болгон ашиглаж байгаа нь яах аргагүй гэмт хэрэг. Зөвхөн тэр нөхөр дарамтлаад зогсохгүй нэр төрд нь халдахыг санаархсан байгаа юм. Хэрвээ зургийг нь фэйсбүүкээр тараасан бол олон нийттэй харилцдаг  найз маань хэцүү байдалд орох нь гарцаагүй. Бас нэгэн танил маань гудамжинд халамцуу явж байхад нь видео бичлэг хийчихээд их хэмжээний мөнгө нэхэж дарамталсан байгаа юм. Хэний ч танихгүй нэг хүний хөлчүүрхсэн бичлэгийг хийх нь хэнд ч ашиггүй.

Хэрвээ фэйсбүүкээр тараалаа гэхэд дор нь хэдэн сэтгэгдэл л үлдэнэ. Бусдаар бол үр дүнгүй мэдээлэл болж хувирна. Харин бичлэг хийсэн нөхөрт өөрт нь ашигтай тул мөнгө олох нэг арга хэрэгсэл болгосон байгаа юм. Тэр ч байтугай секс бичлэгийг нь олон нийтийн сүлжээнд тавьчихаад устгуулахыг хүсэхэд их хэмжээний мөнгө нэхсэн тохиолдол хэд хэдэн удаа гарсан байна. Ер нь сүүлийн үед энэ мэтчилэн увайгүй нөхдүүд цахим хуудсыг мөнгө олох арга хэрэгсэл болгож байгаа нь харамсалтай.

Тэгэхээр энэ нь айлган сүрдүүлж, нэр төрд нь халдсан гэмт үйлдэл юм. Ер нь сүүлийн үед фэйсбүүк болон твиттерээр явж байгаа мэдээлэл, постуудын дийлэнх нь  хэн нэгний хазгай гишгэсэн дээр нь дөрөөлсөн видео бичлэг, гэрэл зургууд байх болсон. Энэ нь хэдийгээр бусаддаа сэрэмжлүүлж буй мэт боловч нөгөө талаараа хүний нэр хүндэд халдаж байгаа алхам юм. Цаашилбал, фэйсбүүкээр дамжуулж танилцсан нэгнийхээ дарамтад өртөж, гэмт хэргийн золиос болох нь ихэссэн. Ялангуяа энэ нь эмэгтэйчүүдэд хамаатай. Гадаадын иргэдтэй фэйсбүүк хуудсаар дамжуулан танилцаж, улмаар дотно харьцаанд орох, үүгээр ч зогсохгүй амьдардаг улс руу нь явчихаад дараа нь би гэмт хэргийн золиос болчихлоо гэдэг байна.

Тиймээс ч ЦЕГ-аас цахим гэмт хэргээс болгоомжлохыг анхааруулжээ. Өөрөөр хэлбэл орчин үеийн хүн бүрийн хэрэглээ болсон фэйсбүүк, твиттер хуудас ашиглахдаа болгоомжтой байж, гэмт хэргийн золиос болохоос өөрийгөө хамгаалахыг сэрэмжлүүлсэн байх юм. Мэдээлэл технологийн үсрэнгүй хөгжлөөс монголчууд хоцорсонгүй, хөл нийлүүлэн алхаж байна. Хэдийгээр энэ нь сайшаалтай ч бас цахим ертөнцийн сөрөг талыг нь бодолцохгүй бол ямар ч төрлийн гэмт хэргийн золиос болох магадлал тун өндөр. Ялангуяа хүүхэд, залуусын өдөр тутмын хэрэглээ болсон фэйсбүүк хуудсаар дамжуулан гадаадын иргэд  гэмт хэрэг үйлдэх нь ихэссэн байна.

Залуус хоногийн 24 цагийн ихэнхийг  олон нийтийн сүлжээ, мэдээллийн  сайт болон онлайн чат, форум, дэлгүүр хэсэхэд зориулж буй. Улмаар хувийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан зүсийг нь ч хараагүй янз бүрийн  хүмүүстэй танилцах,  нэр, хаягаа солилцож  гэмт үйлдлийн хохирогч болох тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа юм. Үүнээс гадна зургийг нь зөвшөөрөлгүй авч, видео бичлэг хийчихээд их хэмжээний мөнгө нэхдэг бүлэг байгааг ч цагдаагийнхан эрэн сурвалжилж байгаа аж. Тиймээс ч охид, залуус минь цахим ертөнцөөр ялангуяа фэйсбүүкдээ хэн нэгнийг урих, хувийн мэдээллээ ямар хэлбэрээр бусдад харуулах, зураг сэлтээ хэрхэн нэмэхээ хянаж, болгоомжтой байхгүй бол увайгүй этгээдийн өгөөш болох эрсдэл дагаж байгааг мартаж болохгүй. Хэдэн арван лайк цуглуулсан хөөрхөн зурган дээр чинь сэтгэгдэл бичсэн нэг нөхөр гэмт хэрэгтэн ч байж болох. Хэн нэгэнд итгэхэд бэрх болсон орчин цагт цахим хуудсыг ямар байдлаар ашиглахаа бодолцох цаг нь болжээ.

Эх сурвалж: "Монголын мэдээ" Х.Өнөржаргал




Мэдээний линк: http://society.time.mn/content/27923.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...