Эхлэл - Нийгэм - Сэдэв
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 4 сарын 25

Ноён хутагт Данзанлувсантүдэвийг сэнтийд нь зална

Нэгэн биед багтамгүй хүч чадлыг агуулсан нэрт соён гэгээрүүлэгч говийн догшин ноён хутагт Данзанравжааг энэ цагт дэлхий таних болсон. Тэрвээр тухайн нийгмийнхээ бурангүй ёсыг халан тэмцэж тэр дундаа эмэгтэй хүний эрх чөлөөг дээдлэн ирсэн билээ. Өөрөөр хэлбэл ардчиллыг тухайн цаг  үедээ түгээн дэлгэрүүлж байсан юм. Ороо бусгаа   цагийн энэ үед түүний  ес дүгээр дүр тодрон гарсанд олон нийт тааламжтай хүлээн авч байна.  Энэ сарын 28-ны өдөр говийн  есдүгээр ноён хутагт  Данзанлувсантүдэвийг Хамарын хийдэд сэнтийд нь залах ёслол болох юм.

Даншиг мандал өргөх  энэхүү  зан үйлд оролцохоор  Агли,  Америк, Ирланд, Канад, Япон  зэрэг олон улс орноос хүмүүс хуран цуглараад байгаа төдийгүй буддын бүх шашны тэргүүн хамбууд ч Дорноговь руухөлгийн жолоо залах гэж байгаа гэнэ.  Далай ламын тамгатай тодорсон цөөхөн хутагтын  нэг болох Ноён хутагтын 9-р дүрийг  буддын шашны улаан шарын урсгалын алин ч хүлээн зөвшөөрч Төвдийн сүм хийдүүд  түүнд хүндэтгэл  үзүүлэн мөн  Далай багшийн зарлигаар Найжин чойжин бууж сургааль хайрласан гэдэг.

 Дорноговь аймгийн Хамрын хийдийг зорих гадаад дотоодын жуулчдын тоо  сүүлийн 10 жилд эрс нэмэгдэж  жилд дунджаар 40 мянган хүн очдог байна. Түүний дотор дэлхийд  цуутай урлаг соёлын алдартан, бизнсмэн, бясалгагчид хэнд ч танигдахыг хүсэлгүйгээр  Хамрын хийдийн  шамбалын орныг зорин ирээд явдаг тухай хүмүүс өөр зуураа хэлцдэг.  Нэгэн сонин баримт дурьдахад 2009 онд Японы  алдартай хөгжмийн чуулга 60 хүний бүрэлдэхүүнтэйгээр ирж зөвхөн Хүслийн уулын бэлд үзэгч урилгүйгээр 30-40 минут тоглолт хийгээд явсан тухай тэнд тааралдсан нутгийн иргэд болоод мөргөлчид ярьдаг юм.

 Учир нь японы эзэн хааны хүү угсаа залгамжлах үрийн гуйлт хүсэн хамрын хийдэд ирээд явсны дараа удалгүй тэр хүсэл нь биелэн хүүтэй болж хутагтын тахилчид талархлаа илэрхийлж байсан гэдэг.  Дээрх тоглолтыг үүнтэй холбоотой байх гэж нутгийн иргэд   таамагладаг байна.  Ноён хутагт Данзанравжаа Хамарын хийдийг байгуулан шамбалын орон бүтээж мөргөлчдийн оюуны алжаалыг тайлах болсны учрыг далд орны давхцал буй газрыг сонгосон гэдэг юм.  Энэ газар хэдэн цагаас эхлээд бүтэн сарын турш хүмүүс сураг тасран алга болж эрүүл саруулаар олдсон тохиол цөөнгүй гарчээ.  Төөрөөд  олдсон хүмүүс цаг хугацааг мэдэрдэггүй огт удаагүй хэмээн ярьдаг нь далд орон судлаачдын анхаарлыг татаад байгаа гэнэ.

Хамарын хийд, шамбалын орны бүс нутаг түүх соёл, шашны болоод далд орны нууцыг агуулсан олон улсын хэмжээний аялал жуулчлалын бүс болоод байгаа юм. Энэ сарын 28-нд АОХН-н сайд нарын долдугаар бага хурал нийслэлд болж гаднаас 104 орны 1200 гаруй төлөөлөгч ирэх үеэр магадгүй тэр хэмжээний хүн хотоос  Хамрын хийдийг зорин тэнд ардчилсан гэгдэх улааны шашны  чуулгад оролцох гэж байгаа нь учир жанцантай тохиол гэж лам хуваргууд ярьж байлаа.

А.Сольмаа

Мэдээний линк: http://society.time.mn/content/28095.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...