Эхлэл - Нийгэм - Хөндөх сэдэв
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 5 сарын 20

“Зарцалчих хүүхэд байна уу”

Монголд хүүхэд үрчлэлийн асуудлыг илүү сайн хуульчилж, дээрээс нь хараа хяналтыг сайжруулах шаардлагатай болчихож.  Түүнийг цөөн хэдхэн жишээ л баталж харууллаа. Хамгийн аймшигтай жишээ гэвэл Хөвсгөл аймагт нэгэн хүүг 16 нас хүртэл нь гурван жил хорьсон хэрэг гарсан.

Ерөнхийдөө бол үрчилж авсан хүүхдээ тэгж зовоосон хэрэг. Албан ёсоор үрчилж авсан хэрэг биш. Гэхдээ л ахынхаа хүүхдийг насанд хүртэл нь асарч хамгаалах үүрэгтэй гэж үзвэл үрчилснээс ялгагдаад байх юун. Энэ бол үрчлэлийн асуудалд анхаарлаа хандуулахгүй бол болохгүй болжээ гэдгийг баталсан, нотолсон, сануулсан жишээ байлаа.

Өнөөдөр үрчлэлийн тухай хуульд хүүхэд үрчлэн авах хүсэлтэй хүмүүс хүсэлтээ оршин суугаа сум, дүүргийнхээ Засаг даргад гаргах ёстой гэж байгаа. Дээрээс нь бүтэн өнчин хүүхэд үрчилж авах бол асран хамгаалагч, хүүхэд хүмүүжүүлэх байгууллагын зөвшөөрлийг авна гэж. Хэрвээ тухайн хүүхэд долоон нас хүрсэн байх юм бол өөрөөс нь зөвшөөрөл авна гээд байгаа.  

Тэгэхээр хүүхдийн цаашид ямар орчинд өсч торних, хэнд үрчлүүлэх вэ гэдгийг ердөө л асрах төв, сум, дүүргийн Засаг дарга л шийдчихэж байна гэсэн үг. Тэгэхдээ тухайн хүүхдийг үрчилж авч байгаа хүн ямар зорилготой байна, ашиг сонирхол нь юу байв, үнэхээр хүүхдийг өөрийнхөө үр, хүүхэд шиг хайрлаж, хамгаалж өсгөж чадах уу гэдгийг нарийн судалдаггүй. Тэгээд ч “Гэр бүлийн тухай хууль”-д насанд хүрсэн, эрх зүйн чадамжтай, хүүхэд асран хамгаалах эдийн засгийн чадавхитай хүн байвал өгч болно гэсэн заалт байгаа юм. Ердөө хүүхэд үрчлэлийн хуулиар шийдсэн асуудал ийм.

Гэтэл нэг асрах газарт нэлээд бийлэгжүү авгай очоод “Гар хөлийн үзүүрт зарчих хүүхэд үрчилж авах гэсэн юм” гэх ухааны зүйл ярьсан гэж байгаа. Ерөнхийдөө иймэрхүү зорилгоор тусад орж яваа хүүхдийг элдэв гоё үгээр хуурч, мөнгө төгрөг, чамин хувцас үзүүлээд үрчлэх зөвшөөрлийг өөрөөс нь авчихаад, дараа нь зарцалдаг тохиолдол байгааг үгүйсгэх аргагүй юм.

Үүнээс гадна 12, 13 настай охидуудыг янз бүрээр хуурч, өөрөөс нь зөвшөөрөл аваад, үрчилж авч байгаа нэрийдлээр бэлгийн мөлжлөгөд оруулж байж ч болох. Ер нь үрчлэлийн цаана янз бүрийн ашиг сонирхол байхыг үгүйсгэх аргагүй шүү дээ.

Тийм байхад энэ асуудлыг зөвхөн сум, дүүргийн Засаг дарга, асрах газарт даатгана гэдэг хэтэрхий явцуу болчихоод байгаа юм. Уг нь хуульд 60-аас дээш настай, эцэг, эх байх эрхээ хасуулсан, урьд нь үрчилж авсан хүүхдээ өөрийн буруугаас болж буцаан өгсөн тохиолдолд  үрчлэхийг хориглоно гэсэн заалт байдаг.


Мөн ашиг хонжоо олох зорилготой, сүрьеэ, ДОХ, сэтгэцийн өвчтэй хүнд хүүхэд үрчлүүлэх гэсэн гоё заалт байгаа юм. Гэхдээ тухайн хүнийг ашиг хонжоо олох гэж байгааг яаж мэдэх вэ гэдэг асуулт урган гарч ирнэ. Дээрээс нь өмнө дурьдсан шиг ямар зорилготой үрчилж байгааг мөрдөж тогтоох хүн байхгүй. Тогтоож байж үрчлүүлнэ гэсэн заалт ч хуульд байхгүй.

Тийм байтал хуульд үрчлэлтийн нууцыг мэдэж байгаа албан тушаалтан, бусад этгээд хадгалах үүрэгтэй гэсэн заалт байна. Дээрээс нь үрчлэгч болон үрчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр үрчлэлтийн нууцыг задруулсан бол хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ гэсэн заалт байгаа юм.  Энэ бол хэн гэдэг хүүхдийг хэн гэгч үрчилж авав гэдгийг нууцлах маягтай заалт болчихоод байгаа юм.

Дараа нь үрчлүүлсэн хүүхэд элдэв дарамтад өртлөө гэхэд нууцлагдмал байдалд байх нөхцлийг хуулийн дагуу бүрдүүлээд ч байх шиг. Мөн Асрамжийн төвийн дарга, сум, дүүргийн Засаг дарга, гуравдагч этгээд хуйвалдаж хүүхэд үрчилж байгаа нэрийдлээр хүүхдийг хүний наймаанд өртүүлж , охидыг  бэлгийн мөлжлөгөд автуулах ч боломжтой болж байгаа юм.

Дараа нь ямар нэг хүүхдийн төлөө байгууллагаас тухайн хүүхдийн тухай мэдээлэл авах болоход үрчлэлийн нууцын тухай хуулийн заалт яриад сууж байж болохоор байна. Ийм байхад баян тарган авгай нар асрамжийн газар очоод “Зарцалчих хүүхэд байна уу” гэж асуух нь харин ч багадах хэрэг болчихоод байна.

Дээрээс нь үрчлүүлсэн хүүхдийг эргээд хянах, үнэхээр шаардлагатай орон байраар нь хангаж, хоол хүнсийг нь өгч, сурах мэдэхэд нь хөрөнгө оруулалт хийж чадаж байна уу гэдгийг хянах хүн байна уу. Ядаж байхад “Гэр бүлийн тухай хууль”-д үрчлүүлсэн хүүхдийг эргээд хянах талаар ямар ч заалт байхгүй.

Уг нь хуульд нь энэ төрлийн заалт оруулж өгөөд, үрчлүүлсэн хүүхдийг эргэж тойрдог тодорхой ажилтан дүүрэг, хороо, сум, багийн хэмжээнд ажилладаг байвал бас ч гэж арай өөр байна байх. Дээрээс нь хүүхэд үрчлэлийн асуудлыг асрамжийн газрын хэн нэгэн, сум, дүүргийн Засаг дарга шийддэг биш, шүүх шийддэг байвал арай илүү хяналттай байх биш үү.

Тухайн хүүхдийг өргөж авах гэж байгаа хүнийг үнэхээр үр хүүхэдгүй учраас тийм алхам хийв үү, ямар зорилготой байна гэдгийг нь нарийн сайн тогтооход энэ тогтолцоо илүү хэрэгтэй байх. Дээрээс нь өнөөх нууцлалтай холбоотой асуудлыг цөөн хэдэн хүн мэддэг байдлаас хальж, илүү өргөн болно.

Ер нь хүүхэд үрчлэлийг нууцлах гэдэг заалт цаашлаад элдэв гэмт хэрэгт хүүхэд өртөх боломжийг нээж өгч болох. Харин шүүхээр асуудлыг шийддэг байвал илүү нээлттэй болно шүү дээ. Энэ мэтээр хүүхэд үрчлэлийн асуудалд илүү нухацтай хандаж, хууль журмыг өөрчлөх цаг болсныг цөөн хэдхэн жишээ л сануулж байна.

Харин хүүхдийн төлөө тодотголтой байгууллагууд хэр хурдтай ажиллах эсэхээс энэ асуудал хамаарна. Бид зарц хайж байгаа баячуудаас, уураа гаргах хэрэгсэл хайсан араатан, бэлгийн мөлжлөгөд охидыг оруулах хүсэлтэй донтнуудаас хүүхдээ хамгаалах цаг болсон. Тэр дундаа асрамжийн газарт байгаа харж хандах хүнгүй өчин үрсээ бүр ч илүү хамгаалах шаардлагатай байна.    

Эх сурвалж: "Монголын мэдээ"
Н.Пунцагболд

Мэдээний линк: http://society.time.mn/content/29236.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...