Эхлэл - Нийгэм - Эрүүл мэнд
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2011 оны 10 сарын 25

Түрүү булчирхайн үрэвсэл цус, бэлгийн замаар халдварладаг

Баянгол эмнэлгийн менежер П.Алтансүхтэй ярилцлаа

-Эрчүүдийн хувьд хамгийн элбэг тохиолддог ямар өвчин байдаг вэ?
-Neisseria gonorrhoeae нянгаар үүсгэгддэг бэлгийн замын хамгийн элбэг тохиолддог заг хүйтэн өвчин байдаг. Энэ өвчин нь үтрээ болон шулуун гэдсээр, заримдаа амаар  бэлгийн хавьталд орох үед халдвар авч шээсний сүв, шулуун гэдэс, умайн хүзүү, залгиур, нүдийг халдварлуулна. Нярай эхээс төрөх үедээ төрөх замаар халдвар авч болно. Шээсний сүвнээс идээрхэг, өтгөн ялгадас гарах, шээхэд хорсох зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Мөн эрэгтэйчүүдийн хамгийн элбэг тохиолдох хүндрэл бол төмсөгний дайврын үрэвсэл юм. Энэ тохиолдолд яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай.

-Эрэгтэйчүүдэд шээсний сүвийн битүүрэл, түрүү булчирхайн үрэвсэл гээд асуудлууд үүсдэг. Энэ талаар зөвлөхгүй  юу?
Түрүү булчирхайн үрэвсэл нь дэлхий даяар маш өргөн тархсан өвчин. Насанд хүрсэн эрчүүдийн 70 орчим хувь нь түрүү булчирхайн үрэвсэлтэй гэсэн судалгаа байдаг. Энэ үрэвсэл нь бэлгийн замаар, цусаар эсвэл тунгалгын судсаар дамжин ирсэн халдвараас үүсдэг. Мөн нянгийн бус гаралтай үрэвсэл гэж байдаг.

-Үрэвсэл үүсэхэд нөлөөлдөг ямар хүчин зүйлүүд байдаг вэ?
Түрүү булчирхайн үрэвсэл үүсэхэд нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйл бий. Нэгдүгээрт, бэлгийн хавьтлын давтамж холдох эсвэл огт хавьтал  хийхгүй байх нөлөөлнө. Мөн түрүү булчирхай нь үрийн шингэний шингэн хэсгийг ялгаруулдаг жижиг дэлбэнгүүдээс тогтдог. Энэ шингэн маш уураглаг, олон төрлийн витамин, биологийн идэвхит бодис, цардуул агуулдаг бөгөөд энэ нь нян үржихэд хамгийн таатай тэжээлт орчин болж өгдөг. Цавины хэм дандаа 36,5-37 С байдаг ба хэрэв тогтмол үрийн шингэнийг гадагшлуулахгүй тохиолдолд  тэнд халдвар амархан үржиж үрэвслийг үүсгэнэ.Түүнчлэн бэлгийн замаар халдварладаг өвчнүүд, дархлаа сулрах, эр бэлгийн дааврын хэмжээ буурах, хөдөлгөөн багатай амьдралын хэвшил, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, даарч хөрөх, стресс, судас, цусны эмгэг, янз бүрийн дааврын өөрчлөлтүүд гээд нөлөөлөх олон хүчин зүйл бий.

-Түрүү булчирхайн үрэвсэлтэй болсноо яаж мэдэх вэ. Ямар шинж тэмдэг илэрдэг юм бол?
-  Хярсангаар өвдөх, шээс ойр, ойрхон хүрэх, шээхэд өвдөх, хорсох,  хэвлийн доогуур, төмсөгөөр, үрийн сувгийн дагуу өвдөх,  бэлэг эрхтэн хөвчрөх үед хөндүүрлэх, дутуу хөвчрөх, хурдан тавих, эсвэл огт тавихгүй байх, тавьсны дараа хэт их ядрах, дахин хөвчрөлт удаашрах гэх мэт шинж тэмдэг илэрнэ. Мөн нуруу, ууцаар өвдөх, хөдөлмөрийн чадвар буурч, бие сулрах, нойргүйдэх, чих шуугих, уцаартай болох зэрэг хүндрэлүүд гардаг.

- Түрүү булчирхайн өвчлөлийг ямар аргаар оношилж, эмчилдэг вэ?
-Хэт авианы оношилгооноос гадна, шулуун гэдсээр түрүү булчирхайн тэмтрэлт хийх, лабораторийн шинжилгээ  хийх зэргээр ононшилдог. Түрүү булчирхайн үрэвслийн эмчилгээ нь хувь хүн бүрт чиглэсэн, цогц байх ёстой. Түрүү булчирхай өөрөө нягт холбох эдэн бүрхүүлтэй ба энэ нь эмийн бодис нэвтрэн ороход саад болдог. Тиймд антибиотик эмчилгээ хийхдээ тухайн үрэвсэл үүсгэгч нянд мэдрэг мөртлөө түрүү булчирхайд  нэвтрэн орж эмчилгээний өндөр тунг бий болгож чадах чадвартай эмийг сонгох хэрэгтэй. Түрүү булчирхайн эмүүдийг шулуун гэдэсний лаа, тампон  хэлбэрээр хэрэглэвэл үр дүн сайтай байдаг. Антибиотик эмчилгээнээс гадна альфа-адреноблокатор, булчин сулруулагч, даавар зэргийг хэрэглэдэг. Түрүү булчирхайн массаж нь эмчилгээний маш үр дүнтэй арга юм.
Массаж хийснээр түрүү булчирхайн  цусан хангамж болон булчингийн тонус сайжирна. Түүнчлэн тэнд очих эмийн ту, түрүү булчирхайн цоргоны  нэвтрэх чадвар нэмэгдэнэ, тайван байдалд байсан нянгууд идэвхжиж антибиотикт мэдрэг байдал нь дээшилж, үйл ажиллагаа нь сэргэнэ. Мөн физик эмчилгээ (шулуун гэдсээр хийх дулаан эмчилгээ, шарлага, электрофорез, зүү  г.м.)
хийж болно.

Эрэгтэйчүүд хэрэглэх зориулалтын эм, бэлдмэл гэж байх уу?
Мэдээж байгаа. Гэхдээ эмчийн зааврын дагуу хэрэглэх шаардлагатай

TIME.mn сайтын сэтгүүлч:Г. Долгорсүрэн
 

Мэдээний линк: http://society.time.mn/content/300.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...