Эхлэл - Нийгэм - Эрүүл мэнд
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2011 оны 12 сарын 7

Ариун цэврийн тухай хуулийг өөрчлөх цаг болсон

Эрүүл мэндэд нөлөөлдөг олон хүчин зүйлийн нэг бол бидний амьдран байгаа орчны нөлөө юм. Цэвэр орчин халдварт болон халдварт бус өвчин тархахаас сэргийлэхээс гадна бидний сэтгэл санааг өөдрөг сайхан, урам зоригтой байхад нөлөөлдөг.  Гэвч монголчуудын тал илүү хувь нь амьдардаг нийслэл хотын орчны эрүүл ахуйн байдал хангалтгүй байна. Тухайлбал, ундны усны эрүүл ахуй, агаарын бохирдол, тоосжилт, хөрсний бохирдол гээд асуудал их байна. Харин энэ талаар өнөөдөр эрүүл ахуйч, халдвар судлаачид үндэсний  анхдугаар зөвлөгөөн,  уулзалт зохион байгуулж байна. Энэ үеэр ЭМЯ-ны Орчны эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэн Д.Нямхоролоос зарим асуултад хариулт авлаа.

-Эрүүл ахуйч, халдвар судлаач нарын анхдугаар зөвлөгөөнд ямар асуудлыг хэлэлцэж байна вэ?
-Эрүүл ахуй, халдвар судлалын тулгамдсан асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх, бодлого боловсруулахад салбар дундын үүрэг оролцоо, уялдаа, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор ЭМЯ, ДЭМБ, МХЕГ, ЭМШУИС, НЭМХ хамтран нийгмийн эрүүл мэнд, эрүүл ахуй, халдвар судлалын чиглэлийн мэргэжилтэн, улсын байцаагч нарын бүрэлдэхүүнтэйгээр өнөөдрөөс эхлэн гурав хоног зөвлөлдөх гэж байна. Энэ  зөвлөгөөнөөр анх удаа ЭМЯ, МХЕГ-тай хамтран эрүүл ахуйч,  халдвар судлаачдын үндэсний зөвлөгөөнийг зохиож,  21 аймаг, төрийн болон төрийн бус байгууллагын 216 төлөөлөл оролцож байна. Сүүлийн үед Монгол Улсад төдийгүй дэлхий нийтэд орчны эрүүл ахуйн нөлөөллөөс гарсан сөрөг үр дагавар газар авч, хүмүүсийн сэтгэлийг зовоох болсон. Тиймээс энэ нөлөөллийг бууруулах, арилгахад чиглэсэн цаашдын бодлого ямар байх, бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх вэ зэрэг олон асуудлаар ярилцаж байна.

-Орчны эрүүл ахуйг сайжруулах чиглэлээр ямар ажил хийдэг юм бэ?
- 2005 онд батлагдсан бодлого хэрэгжүүлээд явж байна. Мөн орчны эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрийн нэгдүгээр үе шатыг өнгөрсөн жил хэрэгжүүлж дууссан. 2011 онд хоёр дахь үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж байна. Өнөөдрийн зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийг уг хөтөлбөрт  тусгах зорилготой.

-Орчны эрүүл мэндийн эрх зүйн орчин ямар байна. Ямар хууль журмыг баримталж ажилладаг юм бэ?
- Ариун цэврийн тухай хууль гэж байдаг. Энэ хууль 1998 онд батлагдсан. Гэвч өнөөдрийг хүртэл шинэчлэгдээгүй. Ариун цэврийн тухай хуулийг зайлшгүй шинэчлэх шаардлагатай болсон байна. Орчны эрүүл мэнд гэдэг нь  хүн эрүүл, аюулгүй амьдарч, сурах шаардлага хангасан орчныг хэлдэг. Энэ бүх хүнд хамаатай. Иргэн бүр өөрийн амьдрах орчноо цэвэр цэмцгэр байлгахад гар бие оролцох ёстой.

-Орчны эрүүл ахуйгаас үүдсэн сөрөг нөлөөллүүдийг нэрлэхгүй юү?

-Орчны эрүүл ахуйн сөрөг нөлөөлөл нэг хоёр жилийн хугацаанд шууд илэрдэггүй. 20, 30 жилийн дараа сөрөг үр дагавар илэрдэг. Энэ нь хүний эрүүл мэндэд ноцтой өвчлөл үүссэн хэлбэрээр илэрдэг.  Маш олон хавдрын өвчлөл орчны хүчин зүйлээс болж үүсдэг. Тэгэхээр хавдрын өвчлөлийн үе удаан байна гэсэн үг.

Б.Ариунаа

Мэдээний линк: http://society.time.mn/content/3106.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...