Эхлэл - Нийгэм - Эрх зүй
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 9 сарын 16

“Стандарт” банкны асуудлаар Ш.Батхүүгээс хоёр удаа мэдүүлэг авчээ

“Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүүг хуурамч бичиг баримт үйлдэн, “Эрдэнэт” үйлдвэрт их хэмжээний хохирол учруулсан хэргээр Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад сар гаруйн хугацаа өнгөрч байна.

Өдгөө түүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа юм.

Эх сурвалжийн мэдээллээр түүнийг улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт нь хоёр удаа мэдүүлэг авсан байна. Мөн Ш.Батхүүг хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хэрэгт нь буруутгаж буй ажээ.

Тэрбээр “Хадгаламж” банкийг Төрийн банкинд нэгтгэх шийдвэр гарсны дараа “Эрдэнэт үйлдвэрээр барьцаалж өмнөд Африкийн “Стандарт” банкнаас олон сая ам.долларын зээл авахдаа холбогдох албан тушаалтны гарын үсгийг засаж янзалсан зүйл байгаа” хэмээн мэдэгдэж байв.

Одоогийн байдлаар УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн Ш.Батхүүгээс гадна хэд хэдэн хүнээс тайлбар мэдүүлэг аваад байгаа аж. Ш.Батхүүг Эрүүгйин хуулийн 233,2-т заасан үндэслэлээр шалгаж байгаа бөгөөд өмгөөлөгч болон ар гэрийнхнийх нь зүгээс батлан даалтад гаргах хүсэлтээ хуулийн байгууллагад гаргаагүй байгаа юм.

Харин Ш.Батхүүд “Олон овоот”-ын ордын лицензээ зарсан “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярыг мөн дээрх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэдэг мэдээлэл тархсан ч үнэн эсэх  нь тодорхойгүй байна. Учир нь холбогдох хуулийн байгууллага энэ мэдээллийг үгүйсгэж байгаа билээ.

Г.Долгорсүрэн





Мэдээний линк: http://society.time.mn/content/34589.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...