Эхлэл - Нийгэм - Сэдэв
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 9 сарын 17

Ц.Мөнхбаяр гэж хэн бэ

“...Болохгүй бол иргэний дайн хийнэ” гэдэг үгийг цөөхөн монгол хүний амнаас сонсож болно. Тэдний нэг нь өчигдөрхөн галт зэвсэг агсан Төрийн ордны хашаа руу нэвтэрсэн Ц.Мөнхбаяр. Иргэний дайн байтугай бүх нийтийн үймээнд уриалахаас сийхгүй энэ эрийг өнөөдөр зөвтгөх хийгээд буруушаах олон үзэл бодол цахим ертөнцөд эрээлжилж байна. Анзаарсан бол ихэнх нь энэ хүчирхийллийг буруутгасан байсан. Хүчирхийллээс юу төрдөг нь тодорхой болохоор ингэж үзэх хүн олон байгаа хэрэг. Учиргүй хүчирхийлэлд дуртай хүн үү гэхээр бас үгүй гэх. Нутгийнхан нь мань эрийг даган босч жинтэйхэн эсэргүүцэл хийж болно гэсэн ч Ц.Мөнхбаяр өөрөө нутгийн залуустаа зэвсэг агсахгүй байхыг уриалж байж.

Ер нь Ц.Мөнхбаяр гэж ямар нөхөр яваад байгааг мэдэхгүй хүн байж магадгүй. Жаахан алсаас эхэлж байж магадгүй ч Дундговь аймгийн Онги голын бэлчээрт мал маллаж асан Цэцгээ овогтой Мөнхбаяр хэмээх дунд эргэм насны малчин эрийн тухай цөөн зүйлийг өгүүлье.

Тэрбээр 2007 онд Дэлхийн байгаль хамгаалагчдын  Goldman Environmental Prize гэдэг хэрэндээ нэр хүндтэй шагнал авч 150 мянган доллар хүртсэн бол National Geographic сэтгүүл түүнийг ундны усыг хамгаалагч шилдэг дэлхийн хүнээр 2007 онд шалгаруулж байжээ.

Яаж яваад ийм үйл явдал, ийм шагналын эзэн холбогдогч болчихов гэхээр түүний тэмцлээ эхэлсэн түүхийг ярихаас аргагүй болно. Олны үгээр бол түүний ээж нь Онги голыг бохирдуулсан алтны уурхайн хаягдалтай усыг ууснаас болж хордож нас барсан байна. Мөн түүний хүү хордож өвчилсөн аж. Энэ бүхэнд бухимдаж аргаа барсан малчин эр Онги голыг хамгаалах хөдөлгөөн байгуулж тэмцсээр Онги голын эх ундарга дээр алт ухсан олон компанийг хаалгаж ширгэсэн Онги голоо дахин урсгаж чадсан ажээ.

Тэр цагаас хойш Ц.Мөнхбаяр тэмцлүүдээ үргэлжлүүлсээр ирсэн бөгөөд парламент, Засгийн газрын үе үеийн тэргүүнүүдэд 20 гаруй удаа шаардлага хүргүүлж байжээ. Мөнхүү шаардлагуудыг нь биелүүлээгүй, хоёр сарын хугацаанд төв талбай дээр суулгаж, цаг алдуулав гэж Ц.Мөнхбаяр Ерөнхий сайд Сү.Батболдын Засгийн газарт итгэл алдарч байгаагаа хэлэн Төрийн ордон руу сум тавьсан удаатай. Энэ үйл явдал 2011 оны зун болсон. Сум тавьсан хэргээр тэд ял сонсоогүй юм.

Түүнээс хойш хэсэгтээ чимээгүй явж, хааяахан хэвлэлийн хурал зарласан болоод явдаг байсан малчин гуай гэнэтхэн өчигдөр Төрийн ордон руу халдаж Эрүүгийн элемент болов. Одоо түүнд ял оноох нь тодорхой болж байх шиг.

Ер нь галт зэвсгээр “тоглосон” тэдний түүх үүгээр дуусахгүй. Аль 2009 оны есдүгээр сарын 2-нд Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд “Пураам”, “Сентерра гоулд” компанийн  техник рүү олон удаа буудаж шоронд орохоо шахсан удаатай. Мөн л ялаас холуур өнгөрсөн.

Уул уурхайн бизнес эрхлэгчид түүний амь насанд олон удаа заналхийлсэн боловч шантраагүй тухай түүнийг тойрон хүрээлэгчид нь ярьдаг юм билээ. Түүний тэмцлүүдийг  Ганц худаг, гавьяа цол хоёрын аль нь ч зогсоохгүй гэж магтах нь бий.

Хэдхэн сарын өмнө сэтгүүлч хүнийхээ хувьд Төрийн ордонд ажил үүргээ гүйцэтгэж яваад түүнтэй хэсэг ярилцаж билээ. Урт нэртэй хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий ажлын хэсэгт орж ажиллаж байгаа гэсэн юм даг. Төрийн ордонд  тодорхой эрх үүрэгтэйгээр орж ирсэн хүн гэхэд мөнөөх л гандуу дээл, малгайтайгаа явж байв. Ер нь түүнийг Ж.Батзандан, О.Магнай, С.Ганбаатар нар шиг улстөрч болчих хүн биш байх гэж олон хүн итгэдэг юм билээ. Тэгээд ч одоо Эрүүгийн хуулийн Тусгай ангиар ял сонсох нь тодорхой болох шив.

Т.Бэх






Мэдээний линк: http://society.time.mn/content/34655.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...