Эхлэл - Нийгэм - Сэдэв
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 11 сарын 5

УБЦТС ХК-ынхан хэрэглэгчдээс их хэмжээний мөнгө завшиж байсан гэх мэдээллийг няцаалаа

Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Чулуунбаатар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компани төлбөр төлсөн баримтын болон лавлагааны үнэ гэх зэргээр 386 төрлийн үйлчилгээнээс төлбөр авдаг нь тогтоогдсон бөгөөд энэ маягаар шаардлагагүй төлбөрт үйлчилгээ бий болгож, хэрэглэгчдээс жилд 1.2 тэрбум төгрөг завшиж байна гэх мэдээллийг өнгөрөгч сарын 25-нд нийтэд мэдээлсэн билээ.

Тэгвэл өнөөдөр дээрх мэдээлэл нь буруу ташаа, байгууллагын нэр төрд халдсан үйлдэл гэдгийг УБЦТС ХК-ийн гүйцэтгэх захирал С.Төмөрхүү тэргүүтэй хүмүүс  хэвлэлээр дамжуулан албан ёсоор няцаалт өгч байгаагаа мэдэгдлээ.

Энэ үеэр УБЦТС ХК-ийн гүйцэтгэх захирал С.Төмөрхүү  хэлэхдээ “Хэрэглэгчид, ард олны нэрийг барьсан тэдгээр хүмүүс “УБЦТС” ХК-ийг тэрбум 200 сая төгрөгийг хууль бусаар авсан гэж мэдэгдсэн ч энэ мөнгө бол тус компанийн өнгөрсөн онд үйл ажиллагаанаасаа олсон ашиг. Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан журмын дагуу бол иргэдэд үйлчилгээ үзүүлснийхээ төлбөрийн хэмжээг компанийн гүйцэтгэх захирал батална гэж заасан байдаг. Энэ үүднээсээ үйлчилгээний төлбөр буюу иргэдийн хүсэлтээр тухайн айлд залгуур, унтраалга сольж өгөх, цахилгааны утсыг шинээр татах гэх мэт үйлчилгээндээ тохирсон мөнгөн төлбөрийн хэмжээг батлан дагаж мөрддөг. Бурхан шашны төв хүртэл хийморийн сан тавихдаа мөнгө авдаг болсон өнөө үед энэ мэт үйлчилгээнд төлбөр төлөх нь зүйн хэрэг. Манай улсад барилгын угсралт, цахилгааны монтаж хийх зөвшөөрөл бүхий 900 гаруй компани үйл ажиллагаагаа явуулж, иргэдэд үзүүлсэн үйлчилгээндээ тохирсон төлбөр авдаг. УБЦТС ХК бол ердөө тэдний л нэг” гэлээ.

Гэхдээ тэдэнд бусдаас ялгарах, хэл ам дагуулах, олны анхааралд байх нэг шалтгаан байдаг нь нийслэлийн айл өрхүүдийг цахилгаан эрчим хүсээр хангаж байгаа явдал. Гэтэл иргэд, хэрэглэгчдийн нэрийг барьж, УБЦТС ХК-д шалгалт оруулан ноцтой зөрчлүүдийг илрүүлсэн хэмээн мэдэгдээд байгаа тэдгээр хүмүүс болон Эрчим хүчний зохицуулах хорооноос ямар ч шалгалт ороогүй гэдгийг тус компанийн удирдалагууд онцолж байсан юм.

Харин өнгөрсөн онд ШӨХТГ-аас шалгалт ирж зарим нэгэн алдаа дутагдал илрүүлэн, сануулга, шаардлага өгсөн байна. Энэ шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг цаг тухай бүрд нь засаж залруулсан бөгөөд тоолуурын заалт харах, хэвлэхэд авдаг байсан мөнгийг ч авахаа больсон байна. Харин тус компанийг ШӨХТГ-аас 10 сая төгрөгөөр торгосон гэх мэдээлэл бас ор үндэсгүй гэлээ.

Р.Оргил     

Мэдээний линк: http://society.time.mn/content/37137.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...