Эхлэл - Нийгэм - Эрх зүй
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 2 сарын 20

Хуулийн ажилтнуудын нэгдсэн зөвлөлгөөн Төв аймагт болов

“Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулж буй нэгдсэн зөвлөлгөөн төв аймагт өнгөрсөн бямба гаригт болжээ.
Нэгдсэн зөвлөлгөөнд Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, гавьяат хуульч С.Нямжав, Шүүхийн судалгааны төвийн захирал Ч.Нямсүрэн болон албаны бусад хүн оролцсон байна.

Зөвлөлгөөний үеэр Төв аймгийн шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, хуулийн хэлтсийнхэн ажил болон цаашдын зорилтын талаар танилцуулжээ. Тус аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржавын хэлснээр аймаг болон сум дундын хоёр шүүх, захиргааны хэргийн шүүхүүдэд нийт 46 шүүгч, ажилтан ажилладаг байна. Жилд дунджаар 200 шахам хэрэг шийдвэрлэдгийн ихэнх нь малын хулгай болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг байдаг аж.

Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүн С.Нямжав энэ үеэр хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөрийн хүрээнд хуулийн удирдах байгууллагуудаас долоон ажлын хэсэг гарч орон нутагт ажилласан. Манай ажлын хэсэг Өмнөговь, Дундговьд  ажиллаад, одоо танай аймагт ирээд байна. Бид ийнхүү орон нутагт ажиллах явцдаа Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Хууль зүй дотоод хэргийн сайд, Монгол Улсын Ерөнхий прокурорын “Хуулийн байгууллагын ажилтнуудын сахилга хариуцлагыг сайжруулах тухай” хамтарсан тушаалын биелэлтийг шалгах,  шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, орон нутагт ямар бэрхшээл учирч буйтай танилцах, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зэрэг ажлыг хийж явна. Мөн та бүхний санал хүсэлтийг сонсож, түүнд тулгуурлан цаашид баримтлах бодлого, чиглэлийн талаарх зөвлөмжийн төслийг боловсруулж, хамтарсан бодлогын баримт бичигт тусгуулах юм” хэмээн онцолжээ.

Г.Долгорсүрэн


Мэдээний линк: http://society.time.mn/content/7578.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...