Эхлэл - Нийгэм - Боловсрол
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 2 сарын 21

“Баясгалан” хэмээх усан луу жилийн өнгө нуруу, мөр гаргах ёсон

Монголын Үндэсний ШУА-ийн академич, шинжлэх ухааны доктор (ScD), профессор Урианхай Лхасрангийн Тэрбишийн зурхайг толилуулж байна.
"Баясгалан" хэмээгч усан луу жил өег цатгалан, таван хошуу малын ашиг шим арвижин, өвчин зовлонгүй, ард түмний аливаа хүссэн үйлс биелж амгалантай болно.
Жилийн эзэд од үр нь: Бархасвадь гарагийн хөделгөөнд дулдуйдан гаргадаг тухайн од нь ард зон нийтээр амгалан тайван байхыг анхааруулж буй.

Жилийн эзэн гарагийн үр нь: Үр чухаг, ой цэцэрлэг хуурайшин, гол мөрний ус татрана. Могой тэргүүтэн хороор амьтныг хөнөөнө. Халуун тэргүүтэн хүмүүний өвчин дэлгэрэх нигууртай. Эм хүчгүй болно. Хатуужлыг үйлдэгчид баяжина. Дотоодын үймээн болж, хямрал дэгдэж болзошгүйг анхаарууштай.
Хаан гарагийн үр нь: Өргөл, өглөг хоёр арвижюу. Ном төгөлдөртнүүд алдрыг олюу. Ертөнц тэнгэрээр тэтгэгдэн, үр тэргүүтэн жимс цэцэрлэг дэлгэрмүй. Морь, үхэр мал арвижюу. Хур цагтаа бууна. Оюун төгөлдөртний ухааны орон дэлгэрмүй.

Түшмэд гарагийн үр: Жилийн эзэн гарагийн үр лүгээ адил болно.
Энэ жилийн хувьд наран Загас, Үхэр, Хамтатгах, Охины ордонд байрлах үед хур ус цагтаа бууж, эд. агуурс элбэгжин, ихэс дээдэс буянаар тэтгэх ба бүх зүйл тэгшрэх сайн. Хонь, Арслан, Жинлүүр, Хилэнц, Нумын ордонд байрлах үед сайн, муугийн магадлал үгүй тул ажил үйлдээ анхааралтай байж, элдэв өвчнөөс болгоомжлууштай, Харин Хумх, Мэлхий, Матарын ордонд байрлах үед салхи шуурга гаран, хямрал болохын нигууртай тул сэрэмжтэй байгууштай.

 “ШОРООН ҮХЭР” ТҮҮНИЙ ҮР ХАЯЛГА

Энэ жилийн “Шороон үхэр” Амаа ангайн, сүүлээ зүүн тийш шарвасан хөх толгойтой, цагаан омруутай, хөх ходоодтой, шар биетэй, эвэр сүүл, чих нь ногоон, дөрвөн шийр нь шар үхэр алгуурхан  алхаж явна. Үхэр хариулаач нь шар нүүртэй, ногоон дээлтэй, цагаан бүстэй, үс нь чихнийхээ өмнүүр хийссэн, зүүн гутлаа өмсч, баруун гутлаа зүүн бүсэндээ хавчуулсан, унгасан шилбүүр барьсан хүүхэд үхрийнхээ өмнө гүйж явна.

" Шороон үхэр"-ийн үр хаялга нь: Үхрийн зүс хийгээд байр байц нь: Жил хийгээд сар бүрийн эхний хагаст хур сайтай. Хавар, намартай цас, мөндөртэй. Жилийн дундуур өвс ногоо сайн ургана. Тариа, төмс,  сайн авна. Жилийн эцсээр өвс сайтай. Харьцангуй салхитай жил болохыг үзүүлж буй. Үхэр хариулаачийн байр байц нь: Үхэр хариулаач хүүхэд тул хүүхдэд амгалан, хөгшдөд ширүүн, залууст харшлах шалтгаантай. Мал сүрэгт сайн ч ард зон хямралдан, дээдэстэй тэмцэлдэхийн нигууртай жил болохыг бэлгэдэж байна.
Жич, тухайн жилийн "Шороон үхэр"-ийг зурхайч тооцоолон гаргаад, хийд, орон газрын үйлийг ахлаач мэдээтэн, сэхээтнүүд зургийг тигтэй зураачаар зуруулж, Дацан хийдийн үүдэнд талбидаг уламжлалтай байв. Харин алин хүсэгч ард үхрийн зургийг салгуулан зуруулж, зул, хүж өргөн тахьдаг ёс ч байсан гэдэг.

"ЦАСАН ЧИХРИЙН АМТ" МЭТ ЖИЛИЙН ҮР
Монгол зурхайн ухаанд жилийн хэд, хэдэн үзүүлэлтийг тоон утгаар илэрхийлэн гаргаад, түүнийгээ "Цасан чихрийн амт" мэт жилийн үр гэдэг. Тэр тоон үзүлэлтийн хамгийн бага нь 5, хамгийн их нь 17 болно. Энэ жилийн хувьд хур 17, Үр17, өвс 15, сэрүүн 15, чийг 11, салхи 13, хямрал 11 болно.

ШИНИЙН НЭГНИЙ ӨГЛӨӨ МӨРӨӨ ГАРГАХ ЗАН ҮЙЛ

Монголчуудын зүг чигийн бэлгэдэл бол нэн эртний байгалийн шүтлэгээс улбаатай. Дөрвөн зүг, дөрвөн зовхис буюу "дөрвөн зүг найман зовхис" хэмээн хэлж заншсан зүг чигийг бэлгэдэл болон 12 жил, 28 од лугаа хамтатгасан бондхорол хэмээх зурагт дүрслэл бол бүр бөө мөргөлийн зан үйлээс улбаатай билээ. Бондхорол гэдэг нэрнээсээ ил тодорхой харагддаг.
Бондхорло нь төвд үг бөгөөд "бон" нь бонбо (bon po/), до (gto/) нь засал хорло (‘khorlo/)” нь хүрд гэсэн үг бөгөөд хамтатгаваас “бонбын заслын хүрд (bon gto ‘khorlo/)” гэсэн үгээ. Энэхүү найман зүгийг хөлөл гэнэ. Монголчуудын найман суудлын зан үйл нь бонбын шашнаас гаралтай бөгөөд Бурханы шашин монгол оронд дэлгэрэх явцад улам агуулга нь дэлгэр болж шашин соёлын гүн гүнзгий агуулгатай болжээ. Чингээд найман зүг буюу найман суудал нь арга, билиг таван махбодын харилцаагаар зохицуулагддаг болжээ.

Монголчуудын зүг чиг нь баруун, зүүнээрээ ялгаатай байдаг. Баруун талын халхууд буюу ойрад монголчууд нар урдаас гарна хэмээх үздэг. Харин төв халхууд наран зүүнээс мандна гэх тул тэдний зүг чигийн баримжаа бүтэн ерэн градусын зөрөөтэй байдаг. Чингэж хоёр янзаар зүг чигийн баримжааг гаргах боловч зүгүүдийн Махбод ба арга билгийн харьцаа тэргүүтэнд зөрөх зүйл үгүй. Энэ нь ""Зүгийн хөлөл зүг лүгээ тохирно, завсрын хөлөл шороо болой " гэсэн томъёоллоор таван зүйл Махбодад хуваагддаг. Тэр таван зүйл махбод нь могой, морь буюу гал махбодтой урд (баруун монголын баруун зүг) зүг, бич, тахиа буюу баруун (баруун монголын хойт зүг) зүг нь шороон махбодтөй, гахай, хулгана буюу хойт (баруун монголчуудын зүүн) зүг нь усан махбодтай, бар, туулай буюу зүүн (баруун монголын урд зүг ) зүг модон махбодтай бөгөөд зовхист орших  хонь, нохой, үхэр, луу жилүүд нь шороон махбодтой болно. Махбодын энэхүү харгалзааг  арван хоёр жилийн амин махбод гэж хэлэх нь ч буй.

2012 ОНЫ УСАН ЛУУ ЖИЛ
1.Билгийн тооллоор1,9,17,25, 33,41,49, 57,65,73,81,89,97,105, 117 настай эрчүүд, 5,13,21,29, 37, 45,53,61,69,77,85,93,101,109,117 настай эмэгтэйчүүдийн цог хийморийн зүг рүү луу жилийн огторгуйн хар нохойн ам харж буй тул тэр зүг рүү гарахыг цээрлэж, цагаан сарын шинийн нэгний өглөө хойш гарч, гал махбодын засал болгон, галаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, гад гаргаад (шүдэнз зурж хаях зэргээр) урдаас ирнэ.

2. Билгийн тооллоор 2,10,18,26, 34,42,50,58,66,74,82,90,98, 106, 114 настай эрчүүд, 4,12,20,28, 36,
44,52,60,68,76,84,92,100,108,116 настай эмэгтэйчүүд баруун тийш гараад, шороон махбодын засал
болгон шороо чулуу хөдөлгөн, агаарт цаас хийсгэн, салхи шуурга, шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж баруун урдаас ирнэ.

3. Билгийн тооллоор З, 11,19,27, 35,43,51,59,67,75,83,91,99,107, 115 настай эрчүүд, мөн насны
эмэгтэйчүүд баруун урагш гарч, төмөр махбодоос үл гэмтэнэ хэмээн сэтгэж, төмөр хөдөлгөөд баруунаас ирнэ.

4. Билгийн тооллоор  4,12,20,28, 36, 44, 52, 60, 68, 76, 84, 92,100,108, 116 настай эрчүүд, 2, 10, 18, 26, 34, 42, 50, 58, 66, 74, 12, 90, 98, 106, 114 настай эмэгтэйчүүд зүүн тийш гаран огторгуй махбодын махбодын засал болгон агаарт цаас хийсгэн, шороо, чулуу  хөдөлгөөд, салхи шуурга, шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж, баруун хойноосоо ирнэ.

5. Билгийн тооллоор 5,13, 21, 29, 17, 43, 31, 61, 69, 77, 85, 93, 101,109, 117 настай эрчүүд, 1,9, 17, 23, 33, 41, 49, 37, 63, 73, 11, 89, 97, 105, 113, 121 настай эмэгэйчүүд зүүн тийш гарч, усан махбодоос гэмтэхгүй хэмээн сэтгэж, цас, усан дээгүүр гараад хойноос ирнэ.

6. Билгийн тооллоор 6, 14, 22, 30, 38, 46, 54, 62, 70, 78, 86, 94, 102, 110, 118 настай эрчүүд, 8, 16, 24, 32, 40, 48, 36, 64, 72, 80, 88, 96, 104, 112, 120 настай эмэгтэйчүүд баруун хойш гаран салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, шороо чулуухөдөлгөн, салхинд цаас хийсгээд, зүүн хойноос ирнэ.

7. Билгийн тооллоор 7,15, 23, 31, 39, 47, 55, 63, 71, 79, 87, 95, 113, 121 настай эрчүүд, мөн насны эмэгтэйчүүд хойшоо гарч модон махбодоос гэмтэхгүй хэмээн сэтгэж, мод хөдөлгөөд зүүн зүгээс ирнэ.
8. Билгийн тооллоор 8, 16, 32, 40, 48, 56, 64, 72, 80, 88, 96, 114 настай эрчүүд. 6, 14, 22, 30, 38,46, 54, 62, 70, 78, 86, 94, 102, 120 настай эмэгтэйчүүд урагш гаран, салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, салхинд цаас хийсгэн зүүн урдаас ирнэ.

Мөр гаргахдаа унших тарни нь:
1.    Энэ жил гал хөлөл дээр суусан билгийн тооллоор 1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97 настай эрчүүд, 5, 13, 21, 29, 37, 45, 53, 61, 69, 77, 85, 93 настай эмэгтэйчүүд цагаан сарын шинийн нэгний өглөө "Ум базар дагий ний базар еэ мамаа бизаяа суухаа"
2.    Энэ жил шороо хөлөл дээр суусан билгийн тооллоор 2, 10, 18, 26, 34, 42, 50, 58, 66, 74, 82, 90, 98 настай эрчүүд, 4, 12, 20, 28, 36, 44, 52, 60, 68, 76, 84, 92, 100 настай эмэгтэйчүүд цагаан сарын шинийн нэгнийөглөө "Ум бадма дагинийхум ма маа бизаяа суухаа"
3.    Энэ жил төмөр хөлөл дээр суусан билгийн тооллоор 3, 11,19, 27,35,43,51,59,67,75,83,91,99 настай эрчүуд, мөн насны эмэгтэйчүүд цагаан сарын шинийн нэгний өглөө "Ум радна дагий ний хум мамаа бизаяа суухаа"

4.    Энэ жил огторгуй хөлөл дээр суусан билгийн тооллоор 4, 12,20, 28, 36, 44, 52, 60, 68, 76, 84, 92, 100 настай эрчүүд, 2, 10, 18, 26, 34, 42, 50, 58, 66, 74, 82, 90, 98 настай эмэгтэйчүүд цагаан сарын шинийн нэгний өглөө "Ум базар паг мо хум мамаа бизаяа суухаа"
5.    Энэ жил ус хөлөл дээр суусан билгийн тооллоор 5, 13, 21, 29, 37, 45,    53, 61, 69, 77, 85, 93, настай эрчүүд,  1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97 настай эмэгтэйчүүд  цагаан сарын шинийн нэгний өглөө "Ум гарма дагий ний хум мамаа бизаяа суухаа"
6.    Энэ жил уул хөлөл дээр суусан билгийн тооллоор 6, 14, 22, 30, 38, 46, 54, 62, 70, 78, 86, 94 настай эрчүүд 8, 16, 24, 32, 40, 48, 56, 64, 72, 80, 88, 96 настай эмэгтэйчүүд цагаан сарын шинийн нэгний өглөө "Ум будда дагий ний хум мамаа бизаяа суухаа"
7.    Энэ жил мод хөлөл дээр суусан билгийн тооллоор 7, 15, 23, 31, 39, 47, 55, 63, 71, 79, 87, 95 настай эрчүүд, мөн насны эмэгтэйчүүд цагаан сарын шинийн нэгний өглөө "Ум базар дагий ний хум мамаа бизаяа суухаа"
8.    Энэ жил хий хөлөл дээр суусан билгийн тооллоор 8,16, 24, 32, 40, 48, 56, 64, 72, 80, 88, 96 настай эрчүүд, 6,14, 22, 30, 38, 46, 54, 62, 70, 78, 86, 94 настай эмэгтэйчүүд цагаан сарын шинийн нэгний өглөө "Ум базар падма мамаа бизаяа суухаа" тарнийг уншина.

Харин хуучин Ойрад түмэн болон баруун халхын зарим нутагт модыг урд, төмөрийг хойт, усыг  зүүн, галыг баруун гэх мэтээр тооцож зүг чигээ гаргах ёсон байсан тул тэр нутгийн ардууд хуучин уламжлалаа даган зүгээ гаргаж болох бөгөөд махбодын засал нь өмнө дурдсан мэт ээ.
Ер монголчууд нэн эртэч агаад, цагаан сарын шинийн нэгний өглөө эртлэн босож, уул овоондоо. мөргөн, төрийн сүлдэнд залбирахын ялдраа ургах нарны мандалд залран буй Лхам-Одсэржанмаа бурханд жилийн ажил үйлсээ даатгах ёсон хамаг монголд нийтлэг байсан ажээ. Айл гэрийн эр, эм хоёрын суудал давхацваас тэдний мөр гаргах зүг нь ижил байх тул хамтдаа гарч суудлын махбодыг хийвээс харшлах шалтгаан арилдаг байна.

ЖИЛИЙН БҮХ ХАРШИЙГ ЗАСАН ЗАМД ГАРАХЫН ЁСОН
Мөрөө гаргахдаа "Ялж Төгс Нөгчсөн Түүнчлэн Ажирсан Дайныг Дарсан Үнэхээр Туулсан Бурхан өдрийн тоо, гүйгч од, өнийн хаанаа мөргөмүй. Ум агаа. ни ни. га ни. а жи лаа. ман даалээ. ман даа лээ, ма ей суухаа. Өдөр болгон буян болой. Гүйгч одон бүгд сайн болой. Дайныг Дарсан бүгд цувралаас хагацсан. Бурхан бүгд рид хувилгаан ихтэй. Үнэн хийгээд үнэн үг эдгээр бээр гариг, одон, өдрийн муу гэм бүгд амирлах болтугай. Санасан хэрэг бүхэн сэтгэлчлэн бүтэх болтугай" хэмээн өгүүлвээс "Гариг, од, өдрийн муу гэм бүгд амирлах болой" хэмээн номлосон болой. Учир иймд цагаан сарын шинийн нэгэнд жил, сар, өдөр, цаг хийгээд бусад жил орох, мэнгэ голлох, суудал давхарлах тэргүутэн махбодын харш нөлөөнд орохгүй хэмээн сэтгэж, дээрхи номыг уншин, бясалгаваас ач тус, адис жинлав нь сэтгэшгүй хэмээн өмнийн мэргэд чухалчлан айлдсан болой.
Мэдээний линк: http://society.time.mn/content/7610.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...